Хамба лам Д.Нацагдорж: Уламжлалт анагаах ухаан эрүүл мэндийн салбарт мэдэгдэхүйц амжилт авчирна

This post is also available in: enEnglish

 

www.eagle.mn 2013.11.30

Сэтгүүлч М.Ариунсувд

Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх асуудал дутагдаж байгаа. Үүнийг хэрхэн сайжруулах талаар МУын хүний гавьяат эмч, профессор, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч, хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Австралийн хүн амын 66 хувь нь уламжлалт анагаах ухаанаа хэрэглэдэг. Гэтэл манай улс эрт үеэсээ өвлөж ирсэн гайхамшигт уламжлалт анагаах ухаанаа хэрэглэхгүй байгаа нь ямар учиртай вэ. Уламжлал анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээг яаж олон нийтэд түгээмэл хүргэх вэ?

-Уламжлалт анагаах ухааныг ард түмний нийтийн хүртээл болгохын тулд юуны өмнө 60 жилд хүмүүсийн оюун санаанд буруугаар суулгасан үзэл бодлыг зөв тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Яагаад хэрэглэхгүй байгаа вэ гэхээр коммунизмын үед жүжиг кинон дээр уламжлалт анагаах ухааныг муу болгож харуулан, 60, 70 жил хүмүүсийн тархийг угаасан. Тиймээс манай уламжлалт анагаах ухааны эмч нарт хэчнээн мэдлэг, чадвар нь байгаад ард иргэд энэ анагаах ухаанд итгэхгүй байна. Тэгэхээр бодлогын хэмжээнд үүнийг анхаарах хэрэгтэй. Гэтэл уламжлалт анагаах ухаан бол маш үр дүнтэй, чанартай эмчилгээ, оношилгоотой цогц анагаах ухаан юм. Хүнийг бие сэтгэлийнх нь хувьд цогцоор нь эмчилдэг чухал анагаах ухаан. Үүнийг л бид ойлгож хөгжүүлж, үр дүнг нь авах хэрэгтэй байна.

-Таны хэлсэнчлэн уламжлалт анагаах ухаан бол муу гэсэн үзэл бодлыг хүмүүст суулгаснаас болж түгээмэл хэрэглэхгүй,тэгвэл тэрэнд сайн гэгчлэн домог яриа хэлбэрээр ойлгоод байна. Гэтэл уламжлалт анагаах ухаанаар бүхий л өвчнийг эдгээж чадна гэдэг шүү дээ?

-Манай “Манба дацан” эмнэлгээр үйлчлүүлж байсан хүмүүс эрх биш сайн үр дүн гардагийг ойлгосон. Монголчууд уламжлалт анагаах ухаанаа түлхүү хэрэглэвэл өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд түүнийг маш нарийн онолын дагуу эмчилж чадна. Уламжлалт анагаах ухаан нь тухайн хүний биед нь зориулагдсан эм танг нь өгч, эхлээд яаж эмчлэх үү, дунд нь яах уу, сүүлд нь ямар эмчилгээ хийж тухайн өвчнийг бүр мөсөн эдгээх үү гэх маш том эмчилгээний зарчмыг барьж явдаг анагаах ухаан. Үүнийг төдийлөн ойлгохгүйгээс болж уламжлалт анагаах ухааны эмчилгээ, үйлчилгээ Монголын ард түмний нийтийн хүртээл болж чадахгүй байна.Уламжлалт анагаах ухааны эмч нар мэс заслыг хийдэггүй. Мэс засал хийх шаардлагатай өвчтөнүүдийг харъяаллын эмнэлгүүдэд нь яаралтай явуулдаг. Мэс заслаас бусад хавдар ч байна уу, ханиад ч байна уу, бөөрний болон дотор эрхтэн системийн олон өвчнийг уламжлалт анагаах ухаанаар маш сайн эдгээж байна. Энэ үр дүнг л Монголын ард түмэн авах хэрэгтэй. Манайх эмнэлэгтээ эмчлүүлсэн хүмүүсийнхээ үр дүнг судлаад үзэхэд 80 гаруй хувь нь эдгэрсэн, заримынх нь биеийн байдал дээрдэж, дараачийн шатныхаа эмчилгээг аваад явж байна. Бид гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай, энд эмчлэх боломжгүй гэсэн өвчтөнүүдийг ч эдгээсэнявдал бий.

ЭМЯ дээр уламжлалт анагаах ухааныг хариуцсан газар байдаг ч нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд хүртээмжтэй байдлаар оруулж чадахгүй байна. Үүнийг яаж сайжруулах вэ?

-Уламжлалт анагаах ухааныг эрүүл мэндийн салбарт хүртээмжтэй оруулбал, дор хаяж анхан шатны тусламж үйлчилгээг сайн үзүүлээд ирвэл эрүүл мэндийн салбарт мэдэгдэхүйц амжилт гарна. Одоо ханиадаа бүрэн гүйцэд эдгээж чадахгүй байна. Зүгээр л тухайн үеийн үүссэн өвчнийг дараад архагшуулаад явдаг. Түүнээс болж маш олон архаг өвчнүүд бий болж байна. Гэтэл уламжлалт анагаах ухаан хурц өвчнийг ч, архаг өвчнийг ч маш их үр дүнтэй эмчилнэ. Зөвхөн архаг өвчинд тустай, хурц өвчинд тус багатай гэж ойлгож болохгүй. Энэ бол маш буруу ойлголт.

-ЭМД-ийн дэвтрээр хөнгөлөлттэй эм, эмчилгээ үйлчилгээ авдаг. Үүнд уламжлалт анагаах ухааны эм тан, эмчилгээ, үйлчилгээг хамруулбал бас үр дүнтэй байж болох уу?

-Эрүүл мэндийн салбарт барьж байгаа олон хууль эрхзүйн чиглэлийн дагуу уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг оруулж ирвэл нийтийн хүртээл болно. Монголын ард түмнийг эрүүл, өвчнөөс урьдчилан сэргийлсэн, архаг өвчинд нэрвэгдүүлэхгүй байя гэвэл эрүүл мэндийн салбарт уламжлалт анагаах ухааныг түлхүү авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл хэдхэн жилийн дараа үр дүн гарна. Уламжлалт анагаах ухаан бол баталгаатай, үр дүнтэй эмчилгээ.

-Уламжлалт анагаах ухааныг урьдчилан сэргийлэх эмчилгээнд түлхүү хэрэглэнэ гэвэл өрхийн эмнэлэгтэй тулж ажиллах шаардлагатай болох нь. Тэгвэл өрхийн эмнэлгүүдэд ажиллах уламжлалт анагаах ухааны эмч нар хэр бэлтгэгдсэн бэ?

-Өрхийн эмнэлгийн систем рүү уламжлалт анагаахыг оруулах хэрэгтэй. Манай эмнэлэг дээр өрхийн эмнэлгээр сар шахам яваад бүрэн эдгэрээгүй суулгалттай хүүхэд ирэхэд нь бид гурав хоногийн дотор бүрэн эмчилсэн. Тиймээс ч ийм чухал оношлогоо эмчилгээг эрүүл мэндийн салбартаа оруулахгүй байгаа нь асуудал болж байна. Уламжлалт анагаах ухааны боловсон хүчний хувьд анхаарч байгаа. Уламжлалт анагаахухааны эмч нарыг ойрын ирээдүйд 10 мянга хүртэл нь нэмж сургах асуудал Засгийн газрын хүрээнд яригдаж, эхнээсээ шийдэгдэж байна. Өнгөрсөн жил БШУЯнаас уламжлалт анагаах ухаанд суралцах оюутнуудын тоог нэмж эхэлсэн. Тэгэхээр цаашдаа 10 мянган эмчийг 10, 15 жилд бэлтгэж, дотоодын хэрэгцээг хангах, гадагш нь гаргаж Монголын уламжлалт анагаах ухааныг гадаадад таниулах чиглэлийн бодлого барьж байгаа.

-Эрүүл мэндийн үйлчилгээ аюулгүй, чанартай байх ёстой гэсэн зарчимтай. Үүнийг манай уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд хангаж чадаж байна уу?

-Бидэнд оношлогоо эмчилгээний стандарт удирдамж байгаа. Үүнийг сайжруулах шаардлага байгаа. Эмчилгээний стандарт, удирдамжтай эмчилгээ хийж байна гэдэг нь аюулгүй байна гэж ойлгож болно. Эмэн дээр ч гэсэн хатуу хяналт тавьж, лабораторын шинжилгээ, бэлэн болсон эмийн шинжилгээг хийх гээд тодорхой хууль эрхзүйн асуудлыг Монголын эрүүл мэндийн салбар сайн анхаарч байгаа. Тиймээс аюулгүй, чанартай байх тал дээр хардаж сэрдэх шаардлагагүй. Цаашдаа үүнийгээ улам сайжруулж ёсзүйтэй байх, эмийн үйлдвэрүүдийг ДЭМБын тавьж байгаа шаардлагад нийцүүлэх гээд хийх ажил их байна.

Сэтгэгдэл хаагдсан.