Хамба лам Д.Нацагдорж: Муу бодол санаанаас үүссэн үг яриа өвчин ч үүсгэх аюултай

 

www.gereg.mn 2014.06.13

Сэтгүүлч Т.Тэнүүн

Өнөөдөр бурхан багшийн их дүйцэн өдөр. Тиймээс “Манба Дацан” хийдийн Тэргүүн хамба лам, уламжлалт анагаах ухааны “Оточ Манрамба” дээд сургуулийн Ерөнхийлөгч Д.Нацагдоржтой ярилцсанаа хүргэж байна.

-Таныг Завханых гэдгийг мэднэ. Юуны өмнө төрж өссөн нутаг  усныхаа тухай ярина уу?

-Би Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт төрж өссөн хүн. Хуучнаар бол Сайн ноён хан аймгийн Хошууч бээсийн нутаг л даа. Манай аавыг Дамдинсүрэн, ээжийг минь Чимэд гэдэг. Бид аав, ээжээсээ нэлээд олуулаа, 14-үүлээ. Бага насандаа аав, ээжийнхээ хайр энэрэлд өсөөд сургууль соёлын мөр хөөгөөд явсан л даа. Олж төрсөн газар нутаг бол хүний хувь тавилан, буян  хишигтэй их холбоотой байдаг л даа. Ийм сайхан нутаг орныг олж төрсөн нь миний  хувьд хувь тавилангийн хишиг гэж боддог. Манай нутаг бол  Богд Очирваань хайрханы нөмөр нөөлөг болсон газар орон шүү дээ.

 -Монголчуудыг  дааж явдаг их хайрханыхан муу явах заяагүй л гэдэг сэн?

-Монголчуудыг эрт дээр үеэс Очирвааний язгуурын хүмүүс л гэж үздэг байсан. Отгонтэнгэр хайрханд Очирваань бурхан залардаг номтой. Бурхдын залардаг ариун дагшин газар учраас олон зууны тэртээгээс  Отгонтэнгэр хайрханыг   монголчуудын гол шүтээн уул гэж үзэж ирсэн. Гэхдээ зөвхөн уул усыг шүтэж байгаа хэрэг биш гэж би ойлгодог. Монголын ард түмний гол шүтээн болсон Очирваань бурхан энэ ууланд заларсан түүхтэй учраас Отгонтэнгэр хайрханыг тахихдаа Очирваань бурханыг тахидаг. Мөн буддизмын ухаан сав болоод шимт ертөнцийн уялдаа холбоог сайтар судалж, нотолсоны үндсэн дээр уул усанд үүсэж бий болсон цагаас нь эхлээд л тухайн газар нутгийг шүтэж оршдог лус, савдаг байдаг юм байна гэдгийг тогтоосон. Тиймээс  тэр лус савдагт бас дээдийн номын рашааныг хүртээж, их хөлгөний үүднээс тахиж, өглөг өгөх ёстой юм байна шүү гэж үзсэн. Тэгэхгүй бол хүн ардад түр зуурын саад бэрхшээл үүсгэх магадлалтай гэж бурхны номонд заасан байдаг. Түүнээс бус лус савдагийг шүтэж, урд, хойд насаа даатгаж болдоггүй. Яагаад гэвэл лус савдаг гэдэг өөрийн мөн чанартай, энэ нас, урд, хойд насыг даах чадал, боломж тэдэнд байдаггүй юм шүү гэдгийг хүмүүст зориуд хэлмээр байна. Тэд бас өөр төрөлтэй учраас тэр төрлийнх нь төвшинд хайрлаж, энэрч, хэрэгтэй зүйлийг нь номын  ёсоор өгөх хэрэгтэй л гэж үздэг.

 -Шүтлэг бишрэлтэй хүмүүс лус савдагт даатгаж залбирч мөргөдөг нь буруу гэсэн үг үү?

-Хүмүүс учраа олохгүй янз бүрийн л хэлбэрээр итгэл бишрэлээ илэрхийлэх юм даа. Лус савдагт хүний ажил үйлст барцад учруулах, хорлол үүсгэх тийм зүйлүүд их байдаг л даа, тийм учраас тэр хүсээд байгаа юмыг нь номын  ёсоор тахиж, өргөл болгож өгөөрэй гэсэн ийм л номтой юм.

 “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОНДОО СЭТГЭЛ ХАНГАЛУУН ЯВДАГ”

-Та өөрийнхөө номын мөр хөөсөн тухайгаа ярина уу?

-Би яахав дээ, бусдын л жишгээр сургууль, соёл дүүргээд Шарын голын  Усны аж ахуйн сургуульд гидротехникч болж, услалтын системд ажиллаж байлаа. Хэнтийн Хэрлэнбаян-Улааны 160 га-гийн услалтын системийг 21насандаа бие даан барьж, улсад онц үзүүлэлттэйгээр хүлээлгэж өгч байснаараа одоо ч бахархаж явдаг. Ингэж явсаар 1980-аад оноос бурхан шашны мөр хөөсөн. Нарийн хэлбэл, 1974 оноос хойш би бурхны шашныг судалж, тэр тусмаа уламжлалт анагаах ухаан, зурхайн номонд суралцаж, олон сайхан багш нараар ном заалгасан. Өнөөдөр мөн л амьтны тусыг хийгээд, аль болох л зөв юм хийх юмсан гээд зүтгэж явна. Миний зүтгэсэн зүтгэл бурхны шашны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог. Нөгөө талаар Монголын нийгэм шинэ харилцаанд шилжих үед хэдэн мянган жилийн түүхтэй уламжлалт анагаах ухаан бараг л үгүй болох шахсан байсан.  Ийм хүнд үеэс эхлээд 20 гаруй жилийн турш зүтгэж байж Монголын уламжлалт анагаах ухааныг хөл дээр нь босгосондоо үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Энэ бол миний болоод хамт зүтгэж ирсэн хүмүүсийн минь гавьяа. Монголын уламжлалт анагаах ухааны цогц мэдлэг, чадварыг ард түмний хүртээл болгож, энэ ухааныг цаашдаа хэдэн зууны турш аваад явах боловсон хүчин бэлтгэнэ гэдэг бол тийм ч  амархан ажил биш. Өргөн утгаар нь хэлбэл, Монголын буддын шашин, түүх, соёл, эрүүл мэнд, боловсролын салбарт ажилласан он жилүүд минь үр дүнгээ өгсөн гэж бодож байна.

“АЛИВАА ЮМНЫ УУГУУЛ МӨН ЧАНАРЫГ СУДЛАХГҮЙГЭЭР ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ”

 – Шашны ном, уламжлалт анагаах ухаан хоёр заавал хосолж явах ёстой юу?

-Миний судалж мэдсэнээр бурхны шашин дэлгэрээд 2970 гаруй жил болж байна. Монголчуудын уламжлалт анагаах ухааны үүсэл хөгжил ч мөн л тэр үеэс улбаатай. Ер нь бол Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг бол Буддын айлдсан анагаах ухаан л даа. Төвд, манайх аль аль нь өөрийн онцлогоор хөгжүүлж ирсэн. Энэ анагаах ухаан нь бурхны шашны сургааль их,бага таван ухаантай салшгүй холбоотой.  Үүнийг яаж ч салгая гээд хэн гуай ч салгах аргагүй.  Уламжлалт анагаах ухааны түүх, гарал үүсэл, онолыг мэдэхгүйгээр урагш ахих ямар ч боломжгүй. Хамгийн наад зах нь л төвд хэлийг нэвтэрхий мэдэж байж тэр ухааныг судална.

 -Тэгвэл уламжлалт анагаах ухааны үндсийн үндэс нь юу вэ?

-Уламжлалт анагаах ухаанд хүн судлалыг цогцоор нь судалдаг. Хүний бие эрхтэн өвчлөхөөс гадна сэтгэлийн талын асуудал бас байна. Бидний хийгээд байгаа үйлдлүүд, ам хэлээрээ ярьж байгаа зүйл хүртэл өвчин үүсгэх тохиолдол байна. Энэ бүхнийг судалж, учир шалтгааныг ухаж, биеийн болоод сэтгэлийн өвчнийг цогцоор нь судалж, нотолж гаргаснаараа  уламжлалт анагаах ухааны онцлог оршино. Тэгэхдээ бүр өнөөдрийн шинжлэх ухаанаас бүр хэдэн мянган жилийн цаадхыг судалсан байна. Өнөөдөр өрнийн шинжлэх ухаан уламжлалт анагаах ухаанд нэгэнт судлагдсан юмны араас л явж байгаа. Нөгөө талаар гариг эрхэсийн нөлөөлөл  хүний биед нөлөөлж байгааг уламжлалт анагаах ухаанд үздэг. Гэтэл өрнийн анагаах ухаанд үүнийг үл тоодог. Гариг эрхэсийн асуудал гэдэг физик, астрономийн шинжлэх ухааны асуудал л гэж үздэг.Гэтэл гариг эрхэс төрөх үеэс эхлээд л бидэнд нөлөөлж  байдаг нарийн учиртай. Нүдэнд үзэгдэж, хүний биед нөлөөлдөг нян вирусээс гадна нүдэнд үл үзэгдэх нөлөөллүүд байдгийг ч уламжлалт анагаах ухаан судалсан. Ийм том анагаах ухаанаа бид цогцоор нь гаргаж тавьж чадвал дэлхийн анагаах ухааны хөгжилд хүртэл үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой. Үүний тулд төрийн бодлогоо шинэ төвшинд гаргаж, үндэсний боловсон хүчнээ дахин нэг шүүж үзэхэд гэмгүй гэж боддог. Энэ ухааныг ирээдүйд хөгжүүлэх боловсон хүчний асуудал их чухал шүү.

“НЭГИЙГ АНАГААХЫН ТУЛД НӨГӨӨГ ХОРООЖ БОЛОХГҮЙ”

-Дэлхий нийтээрээ хоол хүнс, эм ялгаагүй илүү байгалийн натурал юм хэрэглэхийг чухалчилж байна. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эм ч мөн байгалийн гаралтай л байдаг уу?

-Уламжлалт анагаах ухаанд эрдэсийн болон ургамал, амьтны гаралтай түүхий эдийг л эмэнд ашигладаг. Гэхдээ Монголын анагаах ухаан буддизмын үндэс суурьтай учраас нэгийг анагаахын тулд нөгөөг хороож  болохгүй гэж сургасан. Анагаах ухааны хөгжлийн явцад ийм амьтны ийм эд эрхтэн тийм өвчнийг анагаах шидтэй гээд жагсаагаад гаргачихсан байдаг. Хэдий тийм ч амьтан болгон аминдаа хайртай байдаг юм аа, амьтны амийг тасална гэдэг бол нүглийн үйлийн үр болно шүү. Нэгийг анагаахын тулд нөгөөг хороох нь амьтан бүрийн тусын тулд гэсэн нинж  асралын сэтгэлтэй харшилна. Тийм учраас амьтны амийг хохироож хэрэглэх эд, эрхтэнийг эмэнд хийхээс зайлсхийх хэрэгтэй гэж айлдсан. Монголд эрдэсийн болон ургамлын гаралтай түүхий эдээр эм хийх хангалттай нөөц, жор бий. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн хүний биед зохицохдоо үнэхээр гайхалтай. Дэлхий нийтээрээ үүнийг ойлгож байна. Гэтэл байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг асуудал ургаж байна. Энэтхэг, Хятад,  Англи, Америкт тарьж ургуулсан ургамал, түүхий эдийг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж би хувьдаа  хүлээн зөвшөөрч чаддаггүй. Жинхэнэ байгалийн цэвэр юмыг хадгалж байгаа орон замбуулин дээр ганц Монгол болох гээд байна шүү. Унаган төрхөө хадгалж байгаа байгаль, ганц нар, сар, ус, агаарын хүчээр ургаж байгаа ургамал гэдэг чинь их учиртай. Таримал ургамал, эсвэл хэдэн мянган жил бордсон хөрсний ургамал үүнийг яаж гүйцэх вэ, хар ухаанаар бодоод үз л дээ. Гэтэл монголчууд ийм баялаг нөөцөө ойлгохгүй байна.

-Та бүхний хийсэн монгол эм, бэлдмэлд сурталчилгаа л жаахан дутаад байгаа байх аа даа.

-Улс үүнд туслах ёстой л доо. Өнгөрсөн хугацааны зарим буруу суртал ухуулгыг бодлогоор засаж, мэргэжлийн хүмүүс бидний бэлтгээд өгсөн боловсон хүчнийг алгаа ташаад хүлээж авах ёстой юм л даа. Үүнд төр л бодлогоо чиглүүлэхгүй бол бидний хүч хүрэхгүй юм гэж байна шүү дээ, бас. 

“АМАР АМГАЛАН БАЙХЫН ТУЛД ТАРНИ САЙН УНШ” 

-Хүний дотоод сэтгэлийн байдлаас биеийн эрүүл мэнд шалтгаалах тухай сүүлийн үед ярьж бичих боллоо. Та анагаах, эмчлэхдээ үүнийг мэдээж харгалзаж үздэг байх?

– Хүний эрүүл байх нэг гол үндэс бол сэтгэлийн амар амгалан байдал. Уламжлалт анагаах ухааны эмч нар сэтгэл санааны байдлыг маш их судалдаг. Ингэснээр хамгийн наад зах нь эмч, оточ хүнд нинж асарлын сэтгэл төрдөг байхгүй юу. Нинж асарлын сэтгэл төрнө гэдэг чинь бусдад туслах сэтгэл төрнө гэсэн үг. Тийм учраас Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар маш нарийн сэтгэл зүйчид байсан. Хүн эрүүл байя гэвэл өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлдлийг зөв байлгах хэрэгтэй. Идээ, унд, явдал мөрөө зөв болгож, улиралдаа тохируулж хооллож сурах хэрэгтэй. Монголчууд бол яг улиралдаа тохируулж хооллодог байсан ард түмэн. Ер нь хүн хүүхэддээ л хайртай бол багаас нь зөв хэвшилд дасгах хэрэгтэй. Багад нь зөв хооллоод сургачихвал том болсон ч түүнийгээ л иддэг. Ямар дадал зуршил эзэмшүүлнэ, түүгээрээ л явна гэсэн үг. Өнөөдөр хүүхдүүдийг хараад байхад ихэвчлэн хуурсан, хайрсан юм л идэх сонирхолтой болчихож. Солонгосын халуун ногоонд бүр нийтээрээ орчихож. Халуун оронд халуун ногоогоо идээд доод тал нь литр ус уудаг юм билээ. Монгол хүн тэгэж сураагүй, аягүй бол халуун ногоо идчихээд халуун цайгаа уугаад л явж байгаа.

 -Таныхаар хүн сэтгэлээ амар амгалан байлгахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Сэтгэлээ амар   амгалан байлгахын тулд өөрийн хийж, хэлж байгаа үйлдлүүддээ хяналт тавих хэрэгтэй. Хэлж, ярьдаг үгсийн чинь цөөн биш нь муу бодол санаанаас үүссэн үг байх л  юм бол энэ нь цаашдаа өвчин болох магадлалтай. Нөгөө талаар сэтгэлээ амар амгалан байлгах хамгийн чухал нэг зүйл бол тарнийн ухаан юм. Тарни сайн унш. Насан туршдаа тарни уншвал та амар амгалан сэтгэлтэй, өвчингүй, аз жаргалтай байна. Тарни сэтгэлийг амирлуулж, өвчин зовлонг анагаах  өөрийн гэсэн адис  жанлавтай байдаг. Ер нь өдөр тутам өөрийн сэтгэлийг цэвэрлэж байхыг бодох хэрэгтэй. Тавхан минут сэтгэлээ тайван байлгаж болно. Гэхдээ таван минут тайван байлаа гээд бүх юм арилчихна гэсэн үг биш. Тийм учраас бурхан гончигсүмд залбирч, тарни унших хэрэгтэй. Бодол санаагаа цэвэрлэх, ариусгах сэтгэлийг өөртөө үүсгэх хэрэгтэй. Цаашдаа муу бодол бодохгүй, муу үйл хийхгүй гэж бодох хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр л бодол санаа, үйл хэрэг сайн тийшээ хандана.



Сэтгэгдэл хаагдсан.