Манба Дацан хийдийнхэн хорооныхоо өндөр настнуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

 

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдээс БЗД-ийн 2-р хорооны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн тэдний төлөөлөл болгож, тус хорооны өндөр настан Д.Маниа, Н.Норжинсүрэн, Ш.Норжмаа гуай нарт тавгийн идээ, гарын бэлэг гардууллаа. Манба Дацан хийдийнхэн жил бүрийн сар шинийн өмнө хорооныхоо ахмад настнуудад хүндэтгэл үзүүлдэгт ахмадууд маань талархалтай ханддаг бөгөөд энэ тухай 2-р хорооны өндөр настан Д.Маниа гуай хэлэхдээ “Манба Дацан хийдийнхэн, Д.Нацагдорж хамба жил бүр хорооныхоо ахмад настнуудаас сонгон, тавгийн идээ, гарын бэлэг өгдөгт бид бүгд баярлаж явдаг. Би Манба Дацан хийдээр байнга орж, хурал даган баясдаг. Оны өмнөхөн Манба Дацан эмнэлэгт үзүүлээд хэвтээд гарсан. Сайхан буянтай үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн хамт олондоо, Манба Дацан хийдийн лам нарт, Д.Нацагдорж хамбадаа баярлалаа. Та бүхэн сайхан шинэлээрэй. Би энэ жил 81-тэй.  Эмээдээ хүндэтгэл үзүүлж ирсэнд маш их баярлалаа” гэж байв.

Мөн 2-р хорооны өндөр настан Н.Норжинсүрэн “Манба Дацан хийдийг эртнээс мэднэ. Засал номоо Манба Дацан хийдэд уншуулж, буян заяагаа даатгадаг даа. Сар шинийн босгон дээр тавгийн идээ, гарын бэлэг өгсөнд маш их баярлалаа. Хамба лам Д.Нацагдорж, Манба Дацан хийдийн лам нараас ийм хүндэтгэл авна гэж бодсонгүй. Эмээ нь энэ жил 77 настай. Миний хүүхдүүд эмээгийнхээ насыг авч, урт насалж удаан жаргаарай” гэж байлаа.

Сэтгэгдэл хаагдсан.