Hilton сүлжээ зочид буудлын салбарын захирал Jean-Pierre Mainardi: Хамба лам Д.Нацагдорж гайхамшигтай эмч

Inverskilavulin lodges-ийн захирал, Hilton дэлхийн сүлжээ зочид буудлын Египет дэх салбарын захирал Jean-Pierre Mainardi:

Дэлхий дахинаа 4300 зочид буудалтай “Hilton Hotels”-ын Шотланд дахь салбарын эзэн “Inverskilavulin Lodges”-ийн захирал Jean-Pierre Mainardi Оточ Манрамба Их Сургуулийн 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож тус сургуулийн захирал, Хамба лам, профессор Д.Нацагдоржид талархлаа илэрхийлэв. Учир нь Хамба лам түүнд амьдрал хайрласан эмч нь төдийгүй, бизнесийнх нь зөвлөгч, хүндлэн залбирч явдаг авран хамгаалагч бурхан нь аж.

Тэрээр гурван үеийн зочид буудлын эзэн. Түүний дэлхийн сүлжээ зочид буудлын салбарууд Ази, Америк, Европын 17 оронд бий. 42 жил олон улсын “Hilton” зочид буудлын салбарыг удирдан ажилласан тэрээр энэ хугацаанд маш олон улсаар аялсан бөгөөд олон хэл соёлд суралцжээ.

Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь түүнтэй ярилцсанаа хүргэе. Тэрээр тус эмнэлэгт хийгдэж байгаа бүх эмчилгээ нь өвөрмөц бөгөөд тэдгээрээс хамгийн их таалагдсан нь тус эмнэлгийн тусгай жор найрлагат брэндүүдийн нэг болох рашаантай ваннд орох байсан. Хоёр цаг ваннд суусны дараа тантай тосон массаж хийлгээд орондоо хоёр цаг сайхан амарсан гэж ярьж байлаа.

Хамба лам гайхамшигтай эмч

1998 онд нэгэн Франц эмч намайг Хамба ламтай танилцуулсан. Лондонд хөл бөмбөгийн тэмцээн үзэж байхдаа тамирчдад бэртэл авахад нь үйлчилдэг тэр эмчтэй уулзсан юм. Яг тухайн үед миний эсийн шинжилгээний хариу муу гарчихсан, сэтгэлийн дарамттай явж байсан үе л дээ. “Би чамайг маш сайн нэг эмчид үзүүлье, чиний энэ өвчнийг эдгээж чадах байх” гэлээ. Хамба лам Лондоны Их сургуульд лекц уншин, Лондонд Дорно дахины эмчилгээний төв “Kailash”-д ирж газар газраас ирсэн олон орны хүмүүсийг оношилж эмчилж байх үед нь тэр франц эмч маань Хамба ламтай танилцсан юм билээ.

Хамба лам миний судсыг барьж үзээд: “Таны элэг өвчилсөн байна” гэж миний оношийг яг хэлэхэд би маш их гайхсан. Ямар ч багаж, тоног төхөөрөмж ашиглахгүйгээр, зөвхөн өөрийн хоёр гарын гуравхан хурууны өндгөөр судас бариад, хүний дотор эрхтэнд юу болоод байгааг нэвт харж байгаа мэт, яг онож хэлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай санагдсан. Хамба ламын өгсөн эмийг хэсэг хугацаанд ууж дуусгаад өөрийнхөө үзүүлдэг эмч дээрээ шинжилгээ өгөхөөр очлоо. Лондонд нэр хүндтэй, элэгний өвчнийг дагнан эмчилдэг, элэгний эмч гэдгээрээ олон улсад алдартай профессор маань: “Би таныг  үзэх хугацаа хараахан болоогүй байна. Хоолныхоо гам дэгийг бариад зургаан сарын дараа ирээрэй гэж хэлсэн шүү дээ” гээд халгаадаггүй, тэгж тэгж нэг юм шинжилгээ авлаа. Хариуг нь харчихаад: “Хэвийн байх учиргүй, алдаа гарсан байна. Маргааш хүрээд ир, дахиад шинжилгээ аваадахъя” гэв. Хариу нь өмнөх өдрийнхтэй яг адилхан гарч, элэгний үйл ажиллагаа хэвийн болсон байхыг хараад маш их гайхаж: “Юу хэрэглэсэн бэ? Яаж ингэж сайжрав! гээд надаас лавлаад болдоггүй. Таны хэлсэн хоолны дэглэмийг бариад өөх тос, чихэрлэг зүйл, архи дарс хэрэглэхгүй байгаад ийм боллоо гэв. Тэгсэн ч ийм онцгой үр дүн гарах боломжгүй дээ, өмнөх шинжилгээний хариу муу гарсан хэдхэн сарын дотор ингэж сайжирсан байна, би баталгаажуулах ёстой, чи юу хэрэглэснээ хэл гээд шалгаагаад болдоггүй. Ааш занг нь сайн мэдэх болохоор жаахан нууцалж байсан ч Оточ ламд үзүүлсэн юм гэж үнэнээ хэлэхээс аргагүй боллоо. Тэгтэл маш их уурлаад, тэгээд яагаад одоо надад ирж үзүүлж байгаа юм, тэр эмчдээ үзүүл, одоо надад үзүүлэхээр ирэх хэрэггүй элэг чинь хэвийн болсон байна гэлээ.

Мөн Хамба лам Д.Нацагдорж болон Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Г.Одонцэцэг нар бөөр шохойжилттой, цөс, түрүү булчирхай асуудалтай гэж хэлж байсан юм. Өмнө нь ямар ч эмч ийм онош тавьж байгаагүй болохоор гайхаад шинжилгээ өгтөл яг тийм хариу гарсан. Миний сэтгэл дахиад догдолж үнэхээр их бахдан биширсэн. Хамба лам бол манай гэр бүлийн эмч юм. Эхнэрийг маань бас эмчилсэн. Харшилтай болчихоод арьсан дээр нь тууралт гардаг болсон. Сайн гэсэн маш олон эмч мэргэжилтнүүдэд үзүүлж эмчилгээ хийлгэсэн боловч эдгэрэхгүй удсан юм. Хамба ламаас тан авч хэсэг хугацаанд уугаад арьсны өвчин нь бүрэн арилсан.

Оточ Манрамба Их Сургуулийн багш, оюутнуудыг би маш азтай хүмүүс гэж боддог.  Дэлхийн хамгийн мундаг эмч, багш нар энд байна. Яагаад гэхээр орчин үеийн анагаах ухаанд тулгамдаж байгаа асуудал их бий. Харин та бүхэн түүнээс гарах арга зам болох “Монголын уламжлалт анагаах ухаан”-ыг судалж байна. Энэ анагаах ухааныг дэлхий нийтэд түгээх маш том боломж та нарт байна. Дэлхийн хүн төрөлхтөнд Хамба лам Д.Нацагдорж эмч шиг олны тусыг бүтээн бусдын төлөө зүтгэдэг хүмүүс маш их хэрэгтэй. Ийм  хүмүүний шавь нь болсон та бүхэнд маш их боломж байгаа. Та нарын энэ анагаах ухаан ямар их хүчтэй, ямар их чадалтай, ямар аугаа юм бэ? Энэхүү эрдэмдээ шамдан суралцаад, сайн эмч болж дэлхий дахинаар аялан тойрч олны тусыг бүтээх энэхүү анагаах арга ухаанаа түмэн олонд түгээн дэлгэрүүлээсэй гэж хүсч байна.

Хамба лам гайхалтай зурхайч

Хамба лам гайхамшигтай эмч төдийгүй бас гайхалтай сайн зурхайч юм билээ. Учир нь анх уулзсан өдрөөс яг жилийн дараа Хамба ламыг бид гэртээ урьсан юм. Эхнэр бид хоёрын зурхайг зурж үзээд, хоёр жилийн дараа энэ өдөр та хоёрын хурим болно гэж хэлсэн. Бид хурим хийх талаар ярьж хэлэлцсэн зүйл огт байгаагүй учраас тухайн үед нэг их ач холбогдол өгөөгүй, анзааралгүй өнгөрсөн юм. Жилийн дараа, хурим хийхийг зөвшөөрдөггүй байсан эхнэр маань “Гэрлэсэн нь дээр юм байна аа” гэж ам нээв. Ээжийн маань бие тааруу байсан учраас амжиж гэрлээд сэтгэлийг нь амраах болсондоо баяртай байлаа. Ээждээ хэлтэл, христийн шашинтай учраас сүмийнхээ номлогчтой уулзан хуримыг хэзээ, хаана хийх талаар товлоё гэв. Ээжийн амьдардаг тосгон жижиг учраас олон хүн урих боломжтой ресторан, зочид буудал байхгүйгээс, Шотландын нийслэл Эдинбургийн сүмд бидний хуримыг хийхээр болсон. Тэгтэл тэр онд ямар ч сул өдөр байхгүй, хуримын захиалгаар дүүрсэн байлаа. Дараа жилийнх нь өдрийг үзтэл бас битүү захиалгатай байсан, гэхдээ ганцхан өдөр сул байсан нь хоёр жилийн өмнө Хамба ламын хэлсэн тэр өдөр байсан юм. “Хүүе ээ, яаж мэддэг байна аа ёстой сонин юм” гээд эхнэр маань тэр үед тэмдэглэж авч байсан дэвтрээ гаргаж хараад уулга алдсан.

Хурим ч дөхөөд ирэв. Гэтэл бороо орсоор байлаа. Хоёр долоо хоног тасралтгүй орсон бороо хуримын өдөр зогссон. Хурим хийсэн тэр долоо хоногт нар гараад, дараагийн долоо хоногоос нь дахиад бороо үргэлжилсэн. Байгальтай ийм холбоо хамааралтай байна гэдэг их сонин санагдсан.

Хамба ламын тарни засал үнэхээр хүчтэй

БНХАУ-ын Хайнань арлын Саня хотод манай зочид буудлын нэгэн салбар байдаг юм. Тэнд сэлж чадахгүйгээс болоод Хятад хүмүүс усанд живэх асуудал их гардаг. Зөвхөн манай зочид буудалд гэхэд л гурван жилийн дотор гурван удаа ийм асуудал гарсан. Хятадууд нийлээд улайран дайрдаг ард түмэн, бөөн асуудал болсон. “Танай зочид буудалд ад зэтгэрийн хорлол байгаа учраас манай хятадууд ингээд үхээд байна. Бид үүнийг таслан зогсоох болно. Үхэр оруулж хоолойг нь огтлоод цус гаргах ёстой” гэв. Энэ чинь Олон улсын “Hilton” зочид буудал. Миний буудалд та нар юу ч хийж болохгүй, би өөрөө зохицуулна гэж тэдэнд хэлэв. Хамба лам руу утасдаж, нөхцөл байдлыг тайлбарлан, засаж өгөхийг гуйлаа. Хамба лам эндэх ажил албаа зохицуулаад, удалгүй ирсэн.

Засал хийхийн өглөө бүгд эртлэн босно, үүрээр таван цагт эхэлнэ, нар мандахаас өмнө дуусгах ёстой гэв. Засал эхэллээ. Маш онцгой үзэгдэл болсон, нүдээрээ хараагүй бол хэн ч итгэхээргүй. Хамба ламыг номоо уншиж эхлэхээс өмнө бүх юм нам гүм чив чимээгүй, ямар ч салхи шуургагүй байсан юм. Ном уншаад таван минут орчим болтол бага зэргийн салхи сэвэлзээд эхлэв. Дахиад таван минут орчмын дараа бүр хүчтэй салхиллаа. Удалгүй маш хүчтэй хуй эргэлдэж тэнгэр газар нийлтэл шууран, цахилгаан цахилж бороо цутгасан. Хамба лам ном уншаад байн байн үлээгээд л… Удалгүй бороо зогслоо. Нар ч мандсан. Энэ бүхэн миний нүдний өмнө болоод өнгөрсөн ч би итгэж чадахгүй бүр “шок”-нд орсон шүү.

Энэ заслаас хойш үхэл хагацал манай буудалд дахиж тохиолдоогүй. Харин Саня арлын эргэн тойрон дахь зочид буудлуудад муу зүйл тохиолдсон хэвээр. Засал хийлгэсэн манайхыг бол тойрдог болсон. Үйл ажиллагаа маань тэр цагаас хойш одоо 13 дахь жилдээ маш амжилттай явагдаж байна. Тийм болохоор ямар нэгэн чухал асуудал гарахад би Хамба лам руу утасдаж зөвлөгөө авдаг. Учир нь надад амьдрал хайрласан ачит эмч төдийгүй, бизнесийн маань зөвлөгч, хүндлэн залбирч явдаг авран хамгаалагч бурхан минь юм.



Сэтгэгдэл хаагдсан.