Уламжлалт анагаах ухааны онол нь гэгээрсэн оюун ухааны түвшинд, таван билэг билгүүний үүднээс номлогдсон

Буддын их, бага арван ухаан номлогдсон цаг үеэс хойш уламжлалт анагаах ухааны гол жүд дамжлага нь 3000 орчим жил тасралтгүй хөгжиж иржээ. Хүннү гүрний үед Монголд бурханы шашин байсан түүхтэй. Монголчуудын соёлын нэгэн хэсэг нь монголын уламжлалт анагаах ухаан бөгөөд энэхүү анагаах ухааны онол, оношлогоо, эмчилгээний үзэл баримтлал нь буддын анагаах ухаантай салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай.
Монгол оронд анхны Манба дацан 1585 онд байгуулагдсан ба 1937 он хүртэл нийт 250 орчим Манба Дацан үйл ажиллагаа явуулж байсан байна.
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын санаачилгаар Монгол оронд “Их хүрээ гучин аймаг”-ийг үүсгэн байгуулсны анхны долоон аймгийн нэг нь “Дархан эмчийн аймаг” (1635 он) юм. Тэр цаг үеэс “Манба Дацан” болон “Дархан эмчийн аймаг”-ийг түшиглэн уламжлалт анагаах ухааныг бодлого, зохион байгуулалттайгаар хөгжүүлж ирсэн байдаг.
Тухайн үед Манба Дацангууд нь эмч мэргэжилтэн бэлтгэх, шаталсан сургалт явуулах, эрдэм судалгааны ажил хийх, зохиол бүтээл туурвих, эрдмийн зэрэг хамгаалах, эмчийн цол олгох, ард иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн сурталчилгаа таниулга хийх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм үйлдвэрлэл явуулах, эм хангамжийн үйлчилгээ үзүүлэх, тарни номын бясалгал, сүсэгтэн олонд буян номын зан үйл хийх зэрэг олон үйл ажиллагааг цогцоор нь явуулж, нийгэм, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлж байжээ. Манба Дацангууд нь эмч мэргэжилтэн бэлтгэх сургалтандаа “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг уламжлуулан зааж, сургаж ирсэн.
Монгол, Энэтхэг, Төвөд зэрэг олон орны эрдэмтдийн туурвисан уламжлалт анагаах ухааны түүхэн эх сурвалжуудад: “Бурхан багш Шагжамүни гурав дахь номын хүрдээ эргүүлэх үед Эмчийн хаан Манла бурханы дүрд хувилан “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг зарлигласан. Энэхүү зарлиг нь Цожэд Шону тэргүүтэй Энэтхэг орны эмч мэргэдээр дамжин уламжлагдсаныг, Төвөдийн их дуун хөрвүүлэгч Бэрозана санскрит хэлнээс төвөд хэлнээ орчуулсныг Самъяа хийдийн санд нуусан. Хожим нь Төвөдийн Тэсрэндэзэн хааны үед сангаас дахин гаргаж, хуучин Ютог-Ёндонгомбо олон жил судлан, мэргэшсэний үндсэн дээр 45-55 насны (753-763 он) хооронд арван жилийн турш “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг эмхэтгэн зарлиглаж түгээн дэлгэрүүлсэн” хэмээн олонтаа дурьдан тэмдэглэсэн байна. Монгол, Энэтхэг, Төвөд, Бутан, Непал зэрэг Төв Азийн зарим улс үндэстний алдартай олон эмч, гүн ухаантан, эрдэмтэн мэргэд “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг гэгээрсэн оюун ухааны түвшинд, таван билэг билгүүний үүднээс номлогдсон, шалгадаг ухаанаар нотлогддог, хиргүй тунгалаг зарлиг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Иймд эдгээр улс орнууд энэхүү зарлигийг анагаах ухаантан бэлтгэх сургалтандаа үндсэн гол эх сурвалж бичиг болгож олон зууны туршид жүд дамжлага, залгамж холбоог таслалгүй үргэлжлүүлэн зааж сургаж, судалсаар эдүгээ цаг үетэй золгосон байна.
Энэхүү зарлиг нь анагаах ухааны онол, гарын авлагын гол шим утгыг цогцоор нь хамгийн оновчтойгоор, маш нарийн логик дэс дараа, залгамж холбоотой, сурах сургах шалгарсан арга ухаанд нийцүүлэн номлосон тул ямар ч эрин зуунд сургалтын гол сурах бичиг байсаар ирсэн, цаашид ч улам гүн гүнзгий судлагдаж дэлхийн анагаах ухааны түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ эрин зуунуудад улам бүр хөгжин дэлгэрэх болно.
Манба Дацангуудад анагаах ухааны сургалт явуулахдаа төвөд хэлээр бичсэн “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг жүд дамжлагатай, анагаах ухааны зарлиг болон бусад олон зохиол бүтээлийг ном ёсоор нь сурч судалсан тэнцэшгүй, ялгамжтай, дээд эмчийн зэрэгт хүрсэн бэлгэ чанар төгөлдөр багш бээр үг үсэг, бадаг бүрээр нь хөтлөн унших, орчуулах, тайлбарлах аргаар анагаах ухааны онол, дадлага туршлагыг зааж сургадаг байсан байна. Энэхүү “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийн дамжлагыг ёсоор нь уламжлан авч сурч, судалснаар эмч, эмчлүүлэгч, анагаах ухааны үйлс, хөгжилд хязгааргүй адистид нь орших тус эрдэм ихтэй. Эс тэгвэл номлолын үндсийн 31-р бүлэгт: “Язгуур угсаа, жүд дамжлага үгүй эмч нь үнэг бээр амьтны хаан арслангийн суудлыг эзэлсэн мэт. Түүнд горилж итгэх орон биш тул бүгд дээдлэн үл хүндэтгэнэ. Анагаах ухааны онолын утгыг мэдэхгүй эмч нь сохор хүнд алт тэргүүтэн эд зүйлсийг үзүүлсэн мэт. Ямар өвчин болох түүнд ямар эмчилгээ шаардлагатайг ялгаж салгаж мэдэхгүй” хэмээсэн. Үүнээс үзэхэд жүд дамжлага, онол, шүн үгүй сургалт нь мэдлэг чадвар дорой эмчийг төрүүлдгийг хэн бүхэн анхааран авч үзэхийг сануулжээ.
Уламжлалт сургалтаар “Язгуур үндэс”, Номлолын үндэс”, “Увдисын үндэс”, “Хойдын үндэс” тэргүүтэн анагаах ухаантанд шаардлагатай олон ном зохиолыг оюун ухаандаа тогтоон барих (цээжлүүлэх) уламжлалт сургалтын арга нь Монгол, Төвөд болон бусад оронд өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Энэхүү сургалтын арга нь зайлшгүй хэрэгтэй мэдлэгийг цаг ямагт оюундаа агуулж, хэзээ хэрэгтэй агшинд найдвартай, зөв оношлогоо, эмчилгээ хийх үндэс суурийг тавьдаг байна.
Манай эриний өмнөх болон түүнээс хойш зохиогдсон анагаах ухааны сонгодог бүтээлүүдийг Монгол, Төвөд зэрэг олон орны эрдэмтэн мэргэд ихэвчлэн төвөд хэлээр бичиж туурвисан тул өнөө үед уламжлалт анагаах ухаанд суралцаж буй хэн боловч уламжлалт анагаах ухааны мэргэжлийн хэл болох төвөд хэл бичгийг сайтар судлах нь мэргэжлийн номыг оношилгоо, эмчилгээндээ ашиглах, судлах, бичиж туурвих, эрдэм судлалын ажил хийх, ирээдүйд анагаах ухааны салбарт хувь нэмэр оруулах, нээлт бүтээл гаргахад үндэс суурь нь болно. Иймээс эдүгээ болон ирээдүйд уламжлалт анагаах ухаанд суралцагч хэн боловч энэхүү хэл бичгийг зайлшгүй сурч судлах хэрэгтэй.
1991 оноос Оточ Манрамба Их Сургууль уламжлалт анагаах ухааны бакалаврын зэрэгтэй эмч, сувилахуйн мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж эхэлснээс хойш “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг зааж сургадаг уламжлалт сургалтын сонгодог аргыг орчин цагийн сургалтын аргад нийцүүлэн, жүд дамжлагыг таслалгүй, номын дагуу, чанартай сургалт явуулж ирсэн.
Монголчууд “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг 1685 онд Ламын гэгээний байгуулсан Манба дацан хийдэд төвөд модон бараар анхлан хэвлэж байсан бөгөөд 1930-аад оны үеэс барлаж, хэвлэн олшруулаагүй тул уг эх судрын олдоц нэн ховор болжээ.
Оточ Манрамба Их Сургуулийн багш нар санаачлан, ихээхэн цаг хугацаа, хүч чармайлт гаргаж хөдөлмөрлөсний үр дүнд эх судрыг нь бүрэн эхээр нь компьютерт бичиж, түүнийгээ Монгол, Төвөд мэргэдийн олон зууны туршид хэрэглэж байсан барын судар болон сүүлийн үед Төвөд, Хятад зэрэг оронд дэвтэрлэн хэвлэгдсэн нийт 20 гаруй судар, номыг харьцуулан хянан шүүтгэж, үг үсгийн алдааг засварлав. Хянах явцад зарим үгийг тайлбар номуудаас утга барилдуулан шүүн тунгаасан бөгөөд мөн 1720 онд “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг Гүүш Минжүүрдоржийн монгол хэлнээ орчуулсан уйгаржин монгол бичгээр барласан эхийн орчуулгатай тулган нягталсан болно. Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийд байгуулагдсаны 251 жил, Оточ Манрамба Их Сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн босгон дээр “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-ийг 80 гаруй жилийн дараа дахин хэвлэн гаргаж олны хүртээл болгосон.
Монголын уламжлалт анагаах ухаанд суралцагч эмч, оюутан, судлаач хэн бээр ч өргөсөн тангарагтаа үнэнч, номын багш нараа дээдлэн хүндэтгэдэг, анагаах ухаан, ном эрдмийн төлөө эд баялаг, амь амьдралаа харамгүй зориулдаг, мэдлэг оюун төгөлдөр, асрал нигүүлсэнгүй сэтгэлтэй, бусдын тусыг чухалчлан барих аваас “Рашааны шим найман гишүүнт нууц увдисын үндэс”-д: “Янагуухад энэ насандаа бие, хэл, сэтгэлийн үйл нь ариун, бусдын тусыг сайтар бүтээгч, тэнцэшгүй хийгээд дээд эмчийн зэрэгт хүрч, эд өлгөөр баян, ач тус нь цогцлон дэлгэрч, бусдаар дээдлэн хүндлүүлж, цог алдрыг олно. Чанагуухад Бодийн дээд хутгийг олох болно” хэмээн айлдсаны дагуу тус эрдэм хязгааргүйг хүртэх болно.
Хувь төгөлдөр хэн боловч Манла бурханы айлдсан хиргүй тунгалаг, ариун анагаах ухааны зарлигийг сэтгэл оюундаа тогтоон судалж, анагаах ухааны агуу их онол шүнг арван тавны саран лугаа адил цаг үргэлжид арвижуулан, түгээн дэлгэрүүлэх болтугай.

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Оточ Манрамба Их Сургуулийн Ерөнхий захирал, Хамба лам Д.Нацагдорж

Сэтгэгдэл хаагдсан.