Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал урт наслана
Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…
Биеийн орших Ёс
Бие нь нарийн, бүдүүн, машид нарийн гэж гурав байна. Бүдүүн бие нь мах, арьс, яс гурваас бүтнэ. Нарийн бие нь судас, судасны дотуур гүйх хий, цус, дуслаас бүтдэг. Машид нарийн бие нь хий болон сэтгэл мөн чанар нэг болсон нарийн хий мөн. Зүүдэн дэх бие нь морь, нисэх онгоц алинд ч суулгүйгээр өөрийн санаанд дурьдсандаа хүрч чадаж байгаа тэрхүү маш нарийн хий сэтгэлийн шамдалд шүтэж гардаг. Үүнийг сэтгэлийн мөн чанарын бие хэмээдэг.
Сэтгэлд ч ялгамж байдаг бүдүүн сэтгэл, нарийн сэтгэл, маш нарийн сэтгэл гэж гурав байна. Бүдүүн сэтгэл гэдэг нь таван эрхтэний тийн мэдэл мөн. Нарийн сэтгэл гэдэг нь гэрэлт гучин гурав, бадрагч дөч, чухал ологч долоо, нийт наян асар атгагч сэтгэл болно. Эдгээр бодол төрөх ёс, нарийн бүдүүн, төрөх дараалал, хаагдах дарааллыг Сандуйн үүсгэхүйн зэрэг, Төгсөхүйн зэрэг номонд тодорхой номлосон байдаг. Мөн язгуурын арав, ойрын хорин нисванис нь нарийн сэтгэл юм.
Маш нарийн сэтгэл, маш нарийн бие хоёр нь нэгэн адил. Түүнд ялгаатай тал байгаа гэдэг нь цааш, нааш одох, ирэх шалтгаан байгаа нь хийн үйлдэл, тэрээр оронг танин барьж чадаж байгаа нь сэтгэлийн үйлдэл мөн. Иймээс урьд номлосон хий хэмээх нь сэтгэл, сэтгэл хэмээсэн нь хий бөгөөд энэ хоёрт том ялгаа байхгүй бөгөөд үүнийг маш нарийн сэтгэл хэмээнэ. Маш нарийн сэтгэл болон маш нарийн хийг амь баригч хий гэдэг. Тиймээс энэ хийг амь баригч хий хэмээн нэрлэжээ. Амь баригч хийг удаан хугацаагаар барьж чадвал тэр хэмжээгээр урт наслана. Өглөө үүрээр эрт босоод хоол идэж, ус уулгүй, хөдлөөгүй байхдаа хэвтрээсээ шууд босоод, очир суудлаар сууна. Тэгээд амь баригч хийг барин гадагш гарган, дотогш авч, нэгэн жигд байдлаар нэг бум үйлдвэл өөрийн нас нь таван жилээр нэмэгдэж урт наслана.
Өөр бусдаар насаа уртасгах арга хайж явалгүй өөрөө амин хийг бясалгаж насны бүтээл үйлдэх боломжтой. Нууц тарнийн ёсонд амин хийг амь орших, эс оршихтой харгалзаж үздэг. Хий оршиж байвал амь оршиж чадна, хий эс оршвол амь орших боломжгүй тул хийн гүйдлийн хэмнэлээс хамааран насны урт, богины хэмжээ их ялгаатай байна. Үүнтэй уялдаж уур ихтэй хүнийг урт наслахгүй хэмээдэг нь уурлах үед амьсгал түргэсдэгтэй холбоотой. Сэтгэл аядуу тайван үед амьсгал удаан болдог.
Нарийн сэтгэлийг “хий”, “сэтгэл”, “угийн сэтгэл”, “хамт төрсөн сэтгэл”, “хамт төрсөн хий”, “үл эвдрэх сэтгэл”, “гэгээн гэрэлт сэтгэл”, “магад утга а гарах” гэх зэрэг олон янзаар нэрлэдэг.
“Магад утга а гарах” гэж нэрлэсэн нь “Ном бүгд а-гаас гарсан. Туулсан Бурхад а-гаас гарсан. Үсэг бүгд “а”-гаас гарсан” хэмээхтэй утга барилдана. Магад утга “а”-гаас гарна гэдгийг тайлбарлавал үг үсэг хийнээс үүсч, хийгээр хөллөн хөдлөхгүй бол үг дуу ч гарахгүй юм. Оюун санаа хийгээр хөлөглөн хөдөлнө. Хий үгүй бол оюун санааг талбигч хүрд үгүй. Хийгээр хөдлөн гадаад орчин, оюун санаа хоёр барилдаж, барилдлага бий болсноор оюун санаа эргэлдэнэ. Оюун бодол эргэлдсэний дараа оюун бодол түүнийг бэлгэдэх үг гарна. Үгэнд шүтэж үсэг гарах зэргээр дараалан барилдах учраас магад утгын үсэг “а” хэмээсэн. Ийнхүү хэл яриа нь оюун бодлоос гардаг болой.
Дээрх “а”-гийн гүн утга санааг судар тарнийн ёсыг судалж, дэлгэрүүлж үзэж, ойлгох шаардлагатай.
Нууц тарнийн ёсонд хэл яриа нь оюун бодлоос гарна. Оюун санаа нь гадаад оронтой барилдаж гарна. Гадаад орон, оюун санаа хоёрыг барилдуулагч нь хий мөн. Хийг өөрийн эрхээр сайн хурааж чадвал гарч буй оюун бодол язгуураасаа үгүй болох тул хийг өөрийн эрхэнд болгож чадвал өөрийн сэтгэлд ч өөрийн эрхийг олж чадна. Нууц тарнийн ухаанд гүн утгат үүнийг машид дэлгэрүүлэн номлосон байдаг.
Хүний биед орших хийн судас
Хүний биед 72000 судас байх бөгөөд тэдгээр нь ум, рома, жанма хэмээх гурван гол судаснаас салбарлана. Эдгээр гурван судасны баруун, зүүн хоёр талын судас нь биеийн дээд, доод хэсэг буюу хүйснээс дээш, доош хэсэгт тогтсон байдал нь өөр өөр, голынх нь адил хэлбэр дүрстэй байна.
Гол гурван судасны нэг ум судсыг “Гэгээн гэрлийн судас”, “Тэнэг мунхагийн судас” хэмээн нэрлэдэг. Ум судас нь биеийн баруун, зүүн хоёр талын судасны голд ар талтай нь бага зэрэг ойр байрлана. Хүний биед амин судас болон ум судас хоёр тусдаа байрлах боловч ойр зэрэгцэж оршино.
Ум судасны дээд үзүүр нь хоёр хөмсөгний завсар оршдог тул зарим үед толгойг огцом өргөхөд хоёр хөмсөгний завсрын ум судасны дээд үзүүр түлхэгдэж хүчтэй өвдөлт үүсч, манардаг. Тэнгэрүүдийн ум судасны ам нээгдсэн байдаг учир гурван нүдтэй байдаг. Голын нүд нь ум судасны дээд үзүүр байрлах газар байдаг, үүнийг ум судасны дотоод билгийн мэлмий хэмээдэг. Хүний биеийн ум судасны доод үзүүр нь эрэгтэй, эмэгтэйн бэлгэ эрхтэний үзүүрт байна. Ум судасны дотуур гүйх хий нь билгийн хий юм. Гэвч нууц тарнийг хэзээ онож олохыг хүртэл билгийн хий гүйхгүй. Ум судас нь гаднаа хөх, дотроо улаан өнгөтэй байна.
Гол гурван судасны нэг рома судасны дотуур уур хилэнгээр хөдөлсөн хий гүйдэг учир үүнийг “Уур хилэнгийн судас” хэмээдэг. Рома судас нь биеийн цээжин хэсгийн баруун, доод хэсгийн зүүн талаар байрладаг. Дээд, доод хэсгийн судасны уулзвар нь хүйсэнд оршино. Дээд үзүүр нь санаа алдах үед бүлээн мэдрэгдэх газар хамрын баруун хөндийд байрлана. Доод үзүүр нь ум судастай адил эрэгтэй, эмэгтэйн бэлгэ эрхтэний үзүүрт орших бөгөөд түүний дотуур цус гүйнэ. Цус гүйдэгтэй уялдаж өнгө нь улаан байна.
Гол гурван судасны нэг жанма судасны дотуур хүсэл тачаалаар хөдөлсөн хий гүйдэг учир “Хүсэл тачаалын судас” хэмээдэг. Жанма судас нь биеийн цээжин хэсгийн зүүн, доод хэсгийн баруун талаар байрладаг хүйсний дээд, доод хэсгийн байрлал нь өөр байна. Дээд үзүүр нь хамрын зүүн сүвний хөндийд байрлана. Доод үзүүр нь эрэгтэй, эмэгтэйн бэлгэ эрхтэний үзүүр байрлана. Түүний дотуур дусал гүйдэг тул үр тогтоход үүгээр дусал дамжин гардаг. Энэ судасны дотуур цагаан дусал гүйдэг тул өнгө нь цагаан байна.
Дөрвөн зүгийн судас
Эцэг, эхийн цагаан, улаан дуслаас эхийн умайд үр тогтсоны дараа хүйс тогтож, түүнээс салаалж гурван судас тогтоно. Түүнээс дөрвөн зүгийн судас тогтож, түүний дараа завсрын судас тогтоно. Гол гурван судас тогтсоны дараа ум судаснаас салаалах дөрвөн зүгийн судаснаас анх тогтох судсыг Срүнхорма хэмээнэ. Түүний дотуур шороо, хий гүйх бөгөөд түүгээр мах, арьс, яс гурав арвидан дэлгэрэх хүч бий болно. Өвөр тал руу хандаж, зүүн талд байрлана. Судас тогтохдоо ам нь өвөр тал руу хандсан нь зүүн, ар тал руу хандсан нь баруун, баруун тал руу хандсан нь урд, зүүн тал руу хандсан нь хойд судас болно. Хүний бие тогтоход эхний судас өвөр талд тогтоно. Энэ судасны салаа нь ум судаснаас салаална.Дөрвөн зүгийн судасны хоёр дахь судсыг Додма хэмээнэ. Энэ судас нь үндсэн гурван судас, Срүнхорма судас тогтсоны дараа ум судаснаас салаална. Түүний дотуур ус, хий гүйж, түүгээр голлон дусал, шээс, салс зэрэг усны язгуур арвидах чадал гарна. Ам нь урагш хандаж, баруун гар талд байрладаг. Энэ судасны гишүү нь ум судаснаас гарна.
Дөрвөн зүгийн судасны гурав дахь судсыг Чинма хэмээнэ. Энэ судас нь урьдах таван судас тогтсоны дараа ум судаснаас салаална. Түүний дотуур гал, хий гүйх бөгөөд түүгээр гал махбод арвидах чадал гарна. Биед илч үүсгэх, цусны хүч дэлгэрэх, хоол шингээх зэрэг нь гал махбодын хийн чадлаас гарна. Судасны ам нь баруунд хандаж, ард байрлана. Дөрвөн зүгийн судасны дөрөв дэх судсыг Донма хэмээнэ. Энэ судас нь урьдах зургаан судас тогтсоны дараа ум судаснаас салаална. Түүний дотуур хийн хий гүйнэ. Хийн хий хэмээх нь амьсгалын хувийг тэгшитгэгчийг хэлнэ. Чадал нь хий махбодыг арвидуулж, биеийн доторх хийн хувийг тэгшитгэнэ. Судасны ам нь хойш хандаж, зүүн гар талд байрлана.
Завсрын дөрвөн судас
Анхны дүрсний судас нь дөрвөн зүгийн судасны дөрөв дэх судас Донма тогтсоны дараа тогтоно. Түүний дотуур хий, цус, дусал хувь тэгш гүйнэ. Дүрсний судас тэрээр дүрсийг харах чадалтай. Байршил нь баруун урд байна. Салаалах газар нь зүүн талын судас Срүнхормагаас салаална.
Хоёр дахь үнэрийн судас нь урд талын судас тогтсоны дараа тогтоно. Түүний дотуур хий, дусал, цус гурав хувь тэгш гүйнэ. Тэрээр үнэрийг мэдрэх хүчийг гаргах чадалтай. Баруун урд зүгт байрлана. Биеийн урд буюу баруун гар талд байрлана. Салаалах судас нь урд зүгийн Додма судас.
Гурав дахь амтны судас нь ар талын судас тогтсоны дараа тогтоно. Түүний дотуур дусал, хий, цус гүйнэ. Тэрээр амтыг мэдрэх хүчийг гаргах чадалтай. Байршил нь баруун хойд тал буюу ар талын баруун талд байна. Салаалах судас нь баруун буюу хойд талын Чинма судас.
Дөрөв дэх хүрэлцэхүйн судас нь зүүн талын судас тогтсоны дараа тогтоно. Түүний дотуур хий, цус, дусал гурав гүйнэ. Түүний чадал нь зөөлөн, ширүүн, хүнд зэргийг хүрэлцэж мэдрэх хүчийг гаргах чадалтай. Байршил нь зүүн хойд талд байна. Салаалах судас нь хойд талын Донма судас. Эдгээр судаснаас гадна таван орон буюу таван хүрд гэж байдаг бөгөөд оройн, хоолойн, зүрхний, хүйсийн, нууцын орон эдгээр болно. Таван оронд ум судас, түүний өвөр, ар талд рома, жанма судас байрлана. Оройд ум судсыг рома судасны зангилаа баруун талаар нэг орооно. Эргэхдээ араас урагш баруун талаар орооно. Урдаас арагш эргэхдээ зүүн талаар орооно. Жанма судасны зангилаа зүүн талаар нэг орооно. Хоолойд ум, рома, жанма судасны зангилаа дээрхтэй адил байна. Зүрхэнд рома судсаар гурав зангилж, жанма судсаар гурав зангилж нийт зургаан зангилаа байна. Эхлээд рома судсаар нааш гурав ороож зангилна. Түүний дараа жанма судсаар зүүн талаар эргүүлэн гурав ороож зангилна. Рома, жанма судасны хоёр зангилааны завсраас ум судаснаас гадагш салаална. Хүйсийн болон нууцын оронд рома судсаар баруун талаар нэг ороож, жанма судсаар зүүн талаар нэг эргүүлж орооно. Хүний биеийн тогтох ёс, судасны салаа, зангилаа зэргийг анагаах ухааны болон нууц тарнийн ёсонд зарим судасны нэр нэршлийг өөрөөр нэрлэсэн тохиолдол байдаг боловч нэг онол баримтлан номолсон байдаг.
Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номыг номын дэлгүүрүүд болон Оточ Манрамба Их Сургуулийн номын сангаас худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл хаагдсан.