МӨРГӨЛИЙН ЭГШИГ

Үг: Хамба лам Д.Нацагдорж
Ая: Д.Лувсаншарав

Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе мөргөе

Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя залбиръя

Асрал энэрэлийн тааллаараа
Амьтан бүгдийг аврагч
Ачит Манла таньдаа
Сэтгэлийн гэмийг ариусган наминчилъя наминчилъя

Ид шидийн эрдмээрээ
Эгэл биднийг гийгүүлсэн
Итгэлт Манла таньдаа
Энэ хойтоо даатган сүжиглэе сүжиглэе

Буяныг бүтээх үйлсээрээ
Бузар нүглийг арилган
Буян хишгээ хайрлаж
Бурханы адисыг хүртээж өршөө өршөө

Энэ дууг хаа нэгтээ дуулж аялваас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лүндаа дэлгэрч, санасан бүхэн нь номын ёсоор бүтэж, өвчин зовлонгоосоо гэтлэнэ. Манла бурханы авралд багтаж, хожим хойно Манла бурханы ариун оронд төрөх тэргүүтэн цаглашгүй буяныг эдлэх болой.

 

Сэтгэгдэл хаагдсан.