Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/manbadtn/public_html/natsagdorj/wp-includes/theme.php on line 630
Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажиллах гэрээг байгууллаа – Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж

Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажиллах гэрээг байгууллаа

Манба Дацан МУЭСТөвийн Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Н.Сайнбуян нарын бүрэлдэхүүнтэй Манба Дацан төвийн төлөөлөгчид Тайвань улсад Хамтын ажиллааны айлчлал хийгээд ирлээ.

Тус айлчлалын хүрээнд Тайванийн буддын Вандана хийдийн Хамба ламын урилгаар тус хийдэд зочилсон юм. Тус хийд нь 1967 онд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх, өв соёлыг хадгалан хамгаалах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд энэхүү хийдэд Тайваны үндэсний музейгээс хэвлэн гаргасан алтан бичигт Ганжуурын 108 боть хадгалагддаг аж. Манба Дацан хийд тус хийдтэй туршлага солилцох, буддын шашны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах, хамтарсан ном, бүтээл гаргах талаар ярилцан тохиролцжээ.

Мөн айлчлалын хүрээнд Хятадын уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэгч компани болох “Kaiser” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 300 гаран нэр төрлийн ургамлын гаралтай эм үйлдвэрлэдэг бөгөөд олон улсын GMP стандартыг хангасан томоохон үйлдвэр юм. “Kaiser” компани Хятадын уламжлалт анагаах ухааны ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргах зорилгоор 1995 оноос АНУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бол 2003 онд “Biotanico” биотехнологийн компаниа байгуулжээ. Манба Дацан эмийн үйлдвэр нь тус компаниас эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалах талаар хэлэлцсэн юм.

Айлчлалын төгсгөлд Тайваны “Nice” групптэй танилцан, хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн юм.  Тайваны “Nice” групп нь эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэл, судалгаа шинжилгээний зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй охин компанитай бөгөөд дэлхийд танигдсан томоохон компани билээ. “Nice” группийн зүгээс Манба Дацан төвтэй хамтран ажиллах саналыг тавьсан бөгөөд хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу хамтын ажиллагааг яаралтай эхлүүлэх бөгөөд ирэх саруудад “Nice” группийн төлөөлөгчид Манба Дацан төвд айлчлах юм.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Тайваны “Nice” групп, Оточ Манрамба Их сургууль, Манба Дацан эмийн үйлдвэрийн эрдэмтэн докторууд, эмч мэргэжилтнүүд хамтран эмийн ургамлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажлыг явуулахаар тохиролцлоо.

Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажилласнааар Монголын уламжлалт анагаах ухаан Азид төдийгүй дэлхийд гарах гарц нээгдэж байгаа юм. Тиймээс ч энэ удаагийн Тайваньд хийсэн Хамтын ажиллагааны айлчлал үр дүнтэй боллоо гэдгийг Манба Дацан МУЭСТөвийн Ерөнхийлөгч, Хамба лам Д.Нацагдорж болон айлчлын бүрэлдэхүүнд багтсан эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа.

Дашрамд дурдахад, Уламжлалт анагаах ухааны сургалтанд хэрэглэгдэж буй ном сурах бичгийг хэвлүүлэх асуудлаар Монгол Төвдийн Соёлын хороотой ярилцсан байна.

Сэтгэгдэл хаагдсан.