Английн уран бүтээлчдийн бүтээсэн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино ирэх зун үзэгчдийн хүртээл болно

This post is also available in: enEnglish ruРусский

Англи Улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ажиллаад буцлаа.

Баримтат киногоороо мэргэшсэн найруулагч Benjamin Johns “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэхүү цувралынхаа хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр Хамба лам, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийг сонгосон байна. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд монголд ирж, зураг авалтаа эхлүүлж Монгол дахь зураг авалт нэг сарын турш амжилттай явагдаж дууслаа. 4-р сарын эхээр сүүлийн зураг авалт Лондонд үргэлжлэх бөгөөд киноны албан ёсны нээлт Монголд болно гэдгийг найруулагч Benjamin Johns хэлсэн юм.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ, “Бидний хийж буй “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны анхны кино их амжилттай болсон. Тиймээс ч санхүүжилтын асуудлаа шийдэж, дараагийн киноныхоо судалгаанд орж эхэлсэн. Миний хамтрагч манай киноны зөвлөх продюсерээр ажиллаж байгаа Konstantin Palvidis Хамба лам Д.Нацагдоржийн тухай кино хийх саналыг тавьсанаар Хамба ламын тухай судалж үзсэн. Монголд ирээд Хамба ламтай уулзаж, кино зураг авалтаа эхлүүлээд явж байхад Д.Нацагдорж хамба лам  хөдөлмөрч, соён гэгээрүүлэгч, их хүмүүн гэдгийг нь мэдэрсэн. Тиймээс ч кино маань маш сонирхолтой, сайн кино болж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид 4-р сард зураг авалтаа дуусгаад 7, 8-р сарын үед Монголд албан ёсны нээлтээ хийх болов уу гэж бодож байна. Мөн Завхан аймаг, Хамба ламын төрсөн нутаг Цагаанчулуут суманд киногоо албан ёсоор гаргана. Учир нь бид зураг авалтынхаа нэг хэсгийг Завхан аймаг, хамба ламын төрсөн нутаг Цагаанчулуут суманд явуулсан. Нутгийн иргэд киноны маань бас нэг гол дүр учраас бид тэднийг хүндэтгэж киногоо албан ёсоор үзүүлэх юм.” гэлээ.

“Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны анхны кино нь “Uncle Max Dulumunmun of the Yuin Nation” хэмээх нэртэй Австралийн уугуул иргэний тухай кино байсан бөгөөд олон улсын кино наадмуудаас өндөр үнэлгээ авсан байна. Найруулагч Benjamin Johns Англи Улсдаа олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаадын оронд хэд хэдэн баримтат кино хийжээ. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай “The Nihang”, Бүгд Найрамдах Куба Улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” зэрэг баримтат кинонуудыг бүтээсэн. Хамгийн их амжилт авчирсан кино нь Мексик Улсад бүтээсэн “The Huichols” бөгөөд ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино юм.

Тэрбээр баримтат кино бүтээлүүдээрээ Лондон болон олон улсын кино фестивальд амжилттай оролцож байсан бөгөөд Хамба лам Д.Нацагдоржийн тухай киног ч мөн олон улсын кино наадамд “сойх” төлөвлөгөөтэй байгаа аж.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай энэхүү баримтат кино нь зөвхөн Хамба лам Д.Нацагдоржийн ажил, үйлс бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалын талаар дэлхийн үзэгчдэд хүргэж, Монголыг сурталчлан таниулж байгаагаараа онцлогтой. Хамба лам Д.Нацагдорж “Дэлхийн кино бүрэлдэхүүн дэлхийн соён гэгээрүүлэгчдийн тухай кино хийхээр зорьж, тэрбум хүний дотроос намайг сонгож, монголд хүрэлцэн ирсэнд маш их талархаж байна. Энэ кино бол зөвхөн миний ажил үйлсийн талаар үзүүлэх кино биш, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах чухал ач холбогдолтой кино болж байгаад баяртай байна” гэв.

Тус киноны зураглаач Gerry Vasbenter Монголд зураг авалт хийхэд маш сонирхолтой байсан гэдгийг хэлж байлаа. Тэрбээр “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай зураглаач юм. Gerry Vasbenter монголд ажилласан тухай сэтгэгдлээ хуваалцахдаа “Би дэлхийн өнцөг булан бүрт олон киноны зураглаачаар ажиллаж байсан. Ингэж явахдаа монголчууд шиг онцлог төрхтэй, гайхалтай хүмүүсийг харж байсангүй. Зураглаач хүний хувьд дурандаа буулгахгүй байхын аргагүй өвөрмөц төрхтэй хүн ард, гайхамшигтай үзэсгэлэнт байгаль монголд байлаа. Би монголд ирж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Энэ мөрөөдлөө биелүүлж, сайн кино хийж чадсандаа баяртай байна” гэж байв. Мөн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кинонд Монголын залуу уран бүтээлчид тусалж ажилласанд талархаж, монгол залуусын мэдлэг чадварыг үнэлж байлаа. Баримтат киноны дууны инженерээр О.Пүрэв, туслах зураглаачаар Д.Чадраабал нар ажилласан бөгөөд монголын уран сайхны олон киног гүйцэтгэн ажиллаж байсан уран бүтээлчид юм.

Дашрамд дурьдахад, кино найруулагч, продюсер Benjamin Johns 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртжээ.



Сэтгэгдэл хаагдсан.