Хамба лам Д.Нацагдорж нутгийнхаа зон олонтой уулзан золголоо

This post is also available in: enEnglish

 

Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж төрөлх нутаг Завхан аймгийн Цагаанчулуут сумын иргэдтэй жил бүр уулзан золгож, ирж буй жилийнх нь засал номыг хийж, сайн сайхныг ерөөн даатгадаг билээ. Энэ жилийн сар шинийн золголт өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдэд болж, нутгийн олон түмэн цугларч, буян үйлдэв.

Цагаанчулуут сумын 60 жилийн ойг угтан анх 2008 оноос эхэлж энэхүү сар шинийн золголтыг хийх болсон бөгөөд Цагаанчулуут сумынхан тогтсон ёсоор Д.Нацагдорж хамба ламд ирж золгон, буян заяагаа даатгахын зэрэгцээ удаан уулзаагүй нутгийн олонтойгоо уулзалдан золгодгоороо онцлогтой.

Цагаанчулуут сумын харъяат Д.Мянганмаа “Би Цагаанчулуут сумын Засаг даргаар 2004-2008 онд ажиллаж байхад Хамба багш маань Нутгийн зөвлөлийн дарга байсан юм. Бид сайхан хамтарч ажиллаж байсан. Манай сумынхан их хувьтай хүмүүс гэж би боддог. Энэ сайхан хүнтэй буян заяагаар холбогдож, жил бүр уулзан золгож, жилийнхээ заслыг хийлгээд, нутгийнхаа олонтой уулзана гэдэг их ховорхон завшаан. Тиймээс би жил болгон ирдэг” гэв.

Мөн олон сайхан буурай золголтонд ирсэнээс 76 насыг зооглож байгаа Б.Дашпунцаг гуай энэ жил хотод өвөлжиж, нутгийнхаа золголтонд ирж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Ч.Лхам-Одсор гуай ч жил бүр ирж, Хамба багшаасаа адис авч, сайхан насыг насалж байгаадаа баярладаг гэж байв. Ч.Лхам-Одсор гуай энэ жил 77 настай.

Цагаанчулуут сумын залуу үеийнхнийг төлөөлж олон залуучууд ирсэн байв. Тус сумын иргэн Ж.Отгонбаяр “Энэ жил нутгийнхаа золголтонд анх удаа ирж байна. Өргөн дэлгэр сайхан болдог юм байна. Д.Нацагдорж хамба багштайгаа золгож, ерөөл буянд нь багтаж байгаадаа баяртай байна. Манай сумын залуучууд бид энэ номтой, буянтай хүнээрээ бахархаж, үлгэр дуурайлал аван, буян заяагаа даатгадаг. Хамба багш бидэнтэй уулзах бүртээ сайн сайхан зүйл ерөөж, тарни номоо сайн уншиж байгаарай гэж захидаг. Нутгийнхаа буурлуудтайгаа золгоод сайхан байна” гэлээ.

Энэ үеэр Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд, ИТХ-ын дарга Ч.Баярмагнай нар нутгийн ард иргэдээ даатган айлтгал өргөж, Цагаанчулуутад өвөлжилт сайхан болж, мал сүрэг өссөн тухай хэлж байв.

Д.Нацагдорж хамба лам болон Манба Дацан хийдийн лам хуврагууд нутгийнхаа зон олныг даатган мандал өргөж, эрүүл мэндийг сахин хамгаалдаг Манла бурханы сахиус болох Шанлон, Дамжинг тахиж, хурал номоо хурсан юм. Цагаанчулуут сумынхны сар шинийн золголтыг хаврын тэргүүн сарын шинийн 10-нд хийж байхаар тогтсон юм байна.

 

 

 

 

Сэтгэгдэл хаагдсан.