Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрнэ

Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн амьдрал, ажил үйлсийг харуулсан “The Medicine Buddha баримтат кино цахим худалдааны томоохон компани “Амазон”-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрэх боломжтой боллоо.

Английн кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд тус киног бүтээсэн бөгөөд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсаны үндсэн дээр Хамба лам Д.Нацагдоржийг сонгожээ.

Тус кино нь Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Лондонд албан ёсны нээлтээ хийсэн юм. Харин Монгол дахь нээлтийг ирэх аравдугаар сар гэж төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дурьдахад, кино найруулагч, продюсер Benjamin Johns 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна. Харин зураглаач Gerry Vasbenter “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай. Мөн “The Medicine Buddha” баримтат киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кинглэй уншсан юм.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кинонд Монголын залуу уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой. Тухайлбал, киноны дууны инженерээр О.Пүрэв, туслах зураглаачаар н.Чадраабал нар ажилласан.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай энэхүү баримтат кино нь зөвхөн Хамба лам Д.Нацагдоржийн ажил, үйлс бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалын талаар дэлхийн үзэгчдэд хүргэж, Монголыг сурталчлан таниулж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл хаагдсан.