“Манба Дацан МУЭСТ-ийн эмч нар Монголын уламжлалт анагаах ухааныг Болгарт гаргах эхлэлийг тавилаа”

Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль Бүгд найрамдах Болгар улсын “Медика” групп, “Angel Kanchev” Их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу Оточ Манрамба Их Сургуулийн багш, АУ-ы доктор Н.Сайнбуян, Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Их эмч, АУ-ы магистр Л.Энх-Амгалан нар дөрөвдүгээр сарын 26-наас зургадугаар сарын 26-ныг хүртэл 2 сарын хугацаанд Болгарын Медика группийн эмнэлэгт ажиллаад ирлээ. Тиймээс Болгарын ард иргэдэд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг хүргэж, уламжлалт анагаах ухааныг таниулан хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавиад ирсэн Н.Сайнбуян, Л.Энх-Амгалан нартай ярилцлаа.

“Медика” групп, “Angel Kanchev” Их сургуультай хамтын ажиллагааны хүрээнд Болгарт ажиллаад ирлээ. Хоёр байгууллагын хооронд тохиролцсон эмч мэргэжилтэн солилцох хөтөлбөрийн үр дүн ямар байв?

Н.Сайнбуян: Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургууль Болгарын “Медика” групп, “Angel Kanchev” Их сургууль 2016 онд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний дагуу эмч, мэргэжилтнүүдээ солилцохоор тохиролцсоны дагуу эхний ээлжинд Болгарын “Медика” группийн хоёр эмч 2018 онд Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан Нэгдсэн эмнэлэгт ирж 3 сарын сургалтанд хамрагдсан. Дараагийн ээлжинд манай Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургуулиас Л.Энх-Амгалан эмч бид хоёр Болгарт хоёр сарын хугацаанд физик эмчилгээний анхан шатны сургалтанд суухаас гадна Монголын уламжлалт анагаах ухааныг таниулан сурталчилах ажлыг хийгээд ирсэн. Хоёр сарын хугацаанд Болгар хүмүүст уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлж, оношилгоо, эмчилгээ хийсэн. Хажуугаар нь “Медика” эмнэлгийн эмч нар, физик засалчид, “Angel Kanchev” Их Сургуулийн оюутнуудад уламжлалт анагаах ухааны анхан шатны онол дадлага хосолсон тав хоногийн сургалтыг хийгээд ирлээ.

-Болгарчууд уламжлалт анагаах ухааны эмчилгээ үйлчилгээг хэрхэн хүлээж авсан бэ?

Н.Сайнбуян: Монгол эм ууж, эмчилгээ хийлгэн, монгол эмч нараар эмчлүүлье гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол маш их байсан. Бид хоёрт үзүүлэхээр өөр хотуудаас хүмүүс зорин ирж, 5-7 хоног буудалд байрлан эмчлүүлж байсан. Бид 2 сарын хугацаанд олон төрлийн өвчтэй 50 гаран хүмүүст уламжлалтын эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн. Тэднээс талархлын захиа ч нилээд ирсэн. Эмчлэгдэхгүй олон сар болсон саа, саажилттай хүмүүс ирж 10 хоног монгол эм ууж, зүү, төөнүүр эмчилгээ хийлгээд мэдэгдэхүйц үр дүн гарсан учраас маш их талархалтай хандаж байсан. “Бидэнд дахин амьдралд итгэх итгэл хайрласан монгол эмч нартаа баярлалаа” гэсэн үгтэй талархлын захианууд их ирсэн. Монголын уламжлалт анагаах ухаан нь Монгол үндэстний оюун санааны баялаг их өв бөгөөд гайхалтай үр дүнтэй учраас дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөж, уламжлалт анагаах ухааныг түгээх боломжтой юм байна гэдгийг ойлгосон.

Л.Энх-Амгалан: Болгар эмч нар уламжлалт анагаах ухааны талаар тийм ч сайн ойлголттой байгаагүй. Тиймээс бид хоёр хийж буй үйлдэл бүхнээрээ уламжлалт анагаах ухааныг таниулахыг хичээж ажилласан. Өглөө болгон эмнэлэг дээрээ уншлагаа уншиж, бясалгал хийдэг байсан. Болгар эмч нар эхлээд бид хоёрыг юу уншаад ямар бясалгал хийгээд байгааг гайхдаг байсан бол тайлбарлаж хэлж өгсөнөөр бидэнтэй хамтарч бясалгадаг болсон.

Н.Сайнбуян: Уламжлалт анагаах ухаан хүнийг цогцоор нь оношлож, эмчилдэг. Тэр талаас нь эмч нарт хүний биеийн өвчнийг эдгээхээс гадна сэтгэлтэй нь яаж харьцаж болох вэ гэдгийг ойлгуулахыг хүссэн. Бидэнтэй хамт бясалгал хийж, уламжлалт анагаах ухааны энэ үзлийг ойлгосон Болгар эмч нарын сэтгэлзүй хүртэл өөрчлөгдөж эхэлсэн.

-Манба Дацан МУЭСТ-ийн нэг зорилго бол уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргах явдал. Манба Дацан МУЭСТ, “Медика” группийн хамтын ажиллагаагаар дамжуулан Болгарт уламжлалт анагаах ухааныг хэрхэн дэлгэрүүлэх боломж байна?

Н.Сайнбуян: “Медика” групп, Манба Дацан МУЭСТ-ийн хооронд эмч мэргэжилтэн солилцох хөтөлбөр ингээд зогсохгүй, цаашид тогтвортой үргэлжлэх болно. Монгол эмч нар маань Болгарт очоод уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлнэ. Болгарчууд уламжлалт анагаах ухааныг маш их сонирхож, эмчилгээ үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаа. Монгол эмч нарыг дагаад монгол эм Болгар руу гарна. Ингэснээр монгол эмийн эмзүйчдийг бас Болгарт ажиллуулах шаардлага гарна. Тиймээс Монголын уламжлалт анагаах ухаан Болгараар дамжин Европ руу гарах үүд хаалга нээгдэж байна гэж харж байгаа. Мөн Болгарт нөхөн сэргээх физик эмчилгээ өндөр түвшинд хүрсэн, орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Тиймээс Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн хувьд физик эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Болгараас авчирч, эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Эмч мэргэжилтэн солилцох хүрээнд ирж буй Болгар эмч нарыг хүлээн авч, мэдлэг чадвараасаа хуваалцах болно.

Л.Энх-Амгалан: Болгарчууд ургамлын хандыг их хэрэглэдэг юм билээ. Эртнээс ургамлын эм, хандаа түгээмэл хэрэглэж, өвчин зовиураа илааршуулж байсан ард түмэн. Тиймээс уламжлалт эмийг их ойр дотно хүлээн авч хэрэглэсэн. Болгарт Европт алдартай цайны ургамал ургадаг юм билээ. Ер нь цайны ургамлаараа их алдартай. Түүнээс гадна бидэнд үзүүлсэн үйлчлүүлэгчид маань “Монгол эмч нарын өвчтөндөө хандах хандлага их сайхан байна” гэдгийг онцолж байсан.

Н.Сайнбуян: Болгарт очоод Оточ Манрамба Их Сургуулиараа маш их бахархаж байлаа. Учир нь бидэнд үзүүлсэн өвчтөнүүд маань бүгдээрээ л “Монгол эмч нар үнэхээр чадварлаг, өндөр мэдлэг боловсролтой, мэргэжилдээ эзэн байж чаддаг, дээрээс нь эмч хүнд байх ёстой хайр энэрэл, өвчтөнөө гэсэн сэтгэл, ёсзүйтэй байна, энэ нь бидний сэтгэлд их хүрлээ” гэж байсан. Энэ бол Оточ Манрамба Их Сургууль маань бидэнд олгосон боловсрол, мэдлэг чадвар, хандлагыг харуулж байгаа юм. Тиймээс Оточ Манрамба Их Сургуулиараа маш их бахархаж байлаа. Манай сургууль дэлхийн хаана ч ажиллах мэдлэг, чадвартай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байгаа. Бид хоёроос гадна олон төгсөгчид дэлхийн олон улс оронд мэргэжлээрээ ажиллаж, сургуулийнхаа, мэргэжлийнхээ, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Монголын уламжлалт анагаах ухааныг сурталчлан түгээж байгаа. Үүнээс харахад Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гайхагдаж, хүлээн зөвшөөрөгдөж байна.

“Angel Kanchev” Их Сургууль Оточ Манрамба Их Сургуулийн хооронд хамтын ажиллагаа хэрхэн өрнөх вэ?

Н.Сайнбуян: Бид “Angel Kanchev” Их Сургуулийн удирдлагуудтай уулзаад ирсэн. “Angel Kanchev” Их сургуульд манай Оточ Манрамба Их Сургуулийн төгсөгч, эмч, багш нар магистр, докторын сургалтанд хамрагдах бүрэн боломжтой.

-Болгарын ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ?

Н.Сайнбуян: Болгар хүмүүсийн хандлага Монголчуудаас маш өөр. Тэд өөрийнхөө өвдөх нөхцлийг өөрсдөө бүрдүүлсэн гэдгээ маш сайн ухамсарладаг, эрүүл мэндийн боловсрол өндөртэй, хариуцлагатай хүмүүс байдаг. Тиймээс Болгарчуудтай хамтран ажиллах их амар байсан. Эмээ уух цагтаа ууна, яг цагтаа ирж үзүүлнэ. Тухайн хүний эрүүл мэндийн төлөө эмч хариуцлага хүлээх биш, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг маш сайн ухамсарласан. Энэ үнэхээр олзуурхууштай зүйл байсан.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл хаагдсан.