АЮУЛААС АВАРЧ, АВШИГ АДИСТИДАА ХАЙРЛАСАН ОЧИРВААНЬ БУРХАН

Завхан аймаг, Хамба лам Д.Нацагдорж нутгийн иргэдийн хамт, лус аргадан ном уншиж буй нь

Манба Дацан хийдийн Хамба лам, Билгүүн номч, Гавъяат эмч Д.Нацагдоржийн “Очирваань бурханы номын чуулган” номоос…

Энд бичиж буй зүйл бол миний туулж өнгөрүүлсэн амьдралд тохиолдсон нэгэн бодит явдлыг олон жил өөрийн сэтгэл оюундаа тээж явсаар сүүлийн хэдэн жил ойр дотны зарим нөхөд, шавь нартаахэлж ярьж байсан боловч энэхүү Очирваань бурханы номын чуулганыг бичиж туурвиж байх үед энэ номонд бодит үнэнийг бичиж үлдээх хэрэгтэй хэмээсэн бодол саналдаа хөтлөгдөн бидэнд тохиолдсон бодит үнэний утга, үйл явдлыг илүүдүүлж дутуудуулахгүй бичлээ.

Энэхүү үйл явдал 25 жилийн турш миний оюун бодлоос арилахгүй тод томруун хадгалагдсаар ирсэн юм.

Миний бие Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрж, өссөн, Цагаанчулуут сум, Тосонцэнгэлийн Булнай сумын бага сургуульд суралцаж байгаад, Улаанбаатар хотод ирж дунд сургуульд сурч төгссөн. Багадаа 14-15 насны үед Бурханы судар номонд юу бичсэн байдаг бол хэмээх бодол хүсэл, сэтгэлийг минь байнга эзэмдэх болсон. 1974 онд Шарын голын Усны аж ахуйн техниккумд сурч байхдаа бие даан уйгаржин Монгол бичиг үзэж эхэлсэн бөгөөд 1975 онд уйгаржин Монгол бичгээр дамжуулан түвд бичиг үсэг бие даан сурч байлаа.

Гэтэл буяны ерөөл учралаар 1975 онд ачит Чадраабал номын багштайгаа уулзан учирч, тэр цагаас анагаах ухаан, зурхайн ухааныг сонирхон сурч, судалж эхэлсэн. Өөрийн хүсэл сэтгэлд хөтлөгдөн хэнээс ч үл хамааран 1980 онд Бурхан шашны их сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд суралцаж эхэлсэн. 1981 онд Чадраабал номын багш минь эм тан хийж, хүн үзэж эмчилж болох аман зарлиг хайрласан тул социализмын хүнд бэрх үед ил, далд байдлаар эм хийж, хүн оношилж, эмчилж эхэлсэн. Тэр үед эрдэм, мэдлэгтэй олон багш нарыг шүтэж, олон ч ном заалгаж, увдис авч байсан. Тэр үеэс гэрээрээ эм барьж, хүн оношилдог, эмчилдэг олон сайн оточ маарамбатай танил байсан. Зарим нь ч миний багш байсан. Завхан аймгийн харъяат алдарт маарамба Санжайжав гуайтай танилцаж, бие биедээ бага сага эмийн ургамал, түүхий эд солилцдог, ном ярилцдаг сайн танил, номын нөхөд байсан.

Тэр үед нас залуу, зарим зүйлийг сайн ухаараагүйн улмаас багш нар болон Санжайжав зэрэг оточ маарамбуудаас асууж, тодруулж чадаагүй “за ава” ургамлыг хожим нь олон амьтны тусын тулд олох шаардлага надад тохиолдсон.

Тийм учраас энэ ургамлыг түүж, хэрэглэж байсан хүнийг олоххэрэгцээ шаардлага тулгарч, хэл сураг ажиг тавьснаар Завхан аймагт Санжайжав гуайд тэр ургамлыг түүж өгдөг байсан нэг хүнийг олж мэдсэн. Улмаар тэр хүнтэй холбоо барьж, зун уулзахаар тохиролцсоны дагуу олон амьтны тусыг бодож, хайж эрж байсан ургамлаа олохоор урам зориг орж, сэтгэл шулуудан 1988 оны 7 сарын 9-нд Завхан аймагт онгоцоор хүрч очсон.

Завхан аймагт амьдардаг хамаатны нэг хүнээс унаагаараатуслахыг хүссэнд зөвшөөрч, хамаатны ах түүний жолоочийн хамт 7-р сарын 10-нд аймгийн төвөөс Отгонтэнгэр хайрханы арын их уулс Даянгийн нурууг зорьж, замдаа “за ава” ургамал мэддэг настай хүнтэй уулзаж, түүгээр газарчлуулан хайсан ургамлаа олохоор зуны налгар нар ээсэн нэгэн сайхан өдөр аян замдаа гарч билээ.

Замдаа тэр айлд очиж, цай ундаар дайлуулаад ургамал түүхэд туслуулах нэг хүүхэд авч бид УАЗ 69 машинаар Даянгийн нурууг зорьж хөдөлсөн. Замдаа пионерийн зуслангийн ойр нэгэн гүвээг давж, доош бууж байхад миний оюун санаанд хэн нэгэн, хүний хэлээр “машин осолдоно” хэмээх дууг дуурсган, миний бодлыг маш хүчтэйгээр эзэмдэж эхэлсэн.

Би лам хүний хувьд бурхан гончогсүмд авралд одуулж, ном уншиж, хүчтэй хатуу соёрхол талбиж байсан ч тэрхүү “машин осолдоно” гэсэн үг миний бодол санааг давж, 15- 18 минут орчим байнга чихэнд дуурсагдаж, сэтгэлийг тэр чигээр нь эзэмдсээр л байв. Хамт явж байгаа хүмүүсийг ажиглахад тэд өөр хоорондоо ойр зуурын энгийн зүйлс ярилцаж байлаа. Тэр бодол 20 минут орчмын дараа сарнин алга болсон. Тэр үед би хамт явж байсан хүмүүсээс “Энэ уул өөд машинаар гарч болдог юм уу” гэж асуухад “Гайгүй, хэдэрч яваад очиж болно” гэж хариулж байсан.

Төдөлгүй бид Даянгийн нурууны ар хормойд хүрч очсон. Тэр үед би уулын хормойд хэдэн мод байгааг ажиглаж харсан. Тэгээд бид Даянгийн нуруу өөд өгсөж эхэлсэн. Уулын дунд хавиас дээш гарах үед миний бодлоор жолооч хоёрдугаар араанаас нэгдүгээр араа руу шилжүүлэхгээд хүч алдах мөчид жолооч руль дээрээ “ээж” хэмээгээд босоод ирсэн. Тэр үед би ард сууж явсан бөгөөд “миний дүү тайван” гэж хэлэх үед машин ард нэг зүйлд тулах мэт болоод унасан. Түүнээс хойш хэсэг хугацаанд яг юу болсныг мэдээгүй бөгөөд хэн нэгэн “ёо ёо …” гэж дуугарахыг л сонссон.

Тэр агшинд надад “Машин онхолдлоо, осолд орлоо, доор харагдаж байсан модонд тулах болов уу” гэсэн бодол төрсөн бөгөөд би “Багшаа” хэмээн хэлсэн. Одоог хүртэл би энэ үгийг дотроо сэтгэлдээ хэлсэн үү, эсвэл чангаар хэлсэн үү гэдгээ тодорхой мэддэггүй юм. Яг тэр торгон агшинд ертөнцийн хойд зүгт Очирваань бурхан маш том хэмжээтэй, араараа улаан шар гал бадруулсан дүр байдалтайгаар маш тодоос тод надад харагдсан. Ийнхүү тэр он цаг, тэр агшинд Очирваань бурхан надад нигураа илт харуулан нүүр тулан (шалсиг) уулзсан. Бид бүгдийг Очирваань бурхан аюул ослоос аварч, адис жинлаваа хайрласан нь Очирваань бурханы адис жинлав, болгоолт нь миний сэтгэл зүрхнээс тэр үеэс одоог хүртэл арилдаггүй, цаашид ч тэр адис жинлаваар нь бурханы хутгийг олохыг хүсч, бодийн сэтгэл үүсгэж, ерөөл тавьж байдаг. Тэнд хамт байсан нөхөд, тэр газар орон бүхэлдээ Очирваань бурханы адистидыг хүртсэн нь дамжиггүй юм.

Тэгээд машин зогссон байсныг мэдэрсэн, эргэн тойрноо хартал өвгөн машинаас мөлхөж гарч байгааг харсан, тэгээд би араас нь гарч ирэхэд жолооч, хамаатны ах гарч ирсэн байсан. Гараад машинаа хартал машин жижиг хадан дээр дөрвөн дугуй дээшээ харж тогтоод, дэнжигнэн хөдлөж байхад нэг талаас нь дарж байгаад “хүүхэд хаа байна” гээд машинаас хүүхдийг гаргаж авангаа, чулуу авчирч машиндаа ивээд тогтоож авсан. Тэгээд бүгд хэсэг хугацаанд сууж, тайвширсан.

Тэр үед хамаатны ах надад “миний дүү, бид өдөр үзээд гардаг байж уу” хэмээн хэлж байсан. Хамаатны ахын нэг гарын хэсэг газрын арьс өнгөц зулгарсан, бусад хүмүүст ямар ч бэртэл, гэмтэл учраагүй байв. Би бодохдоо “ёо, ёо …” гэж дуугарсан хүн бол хамаатны ах маань байсан, гар нь зулгарах үед дугарсан байх” гэж боддог. Бид машиныг хаанаас эхэлж унасныг үзэхэд анх онхолдсон газраас 7-8 удаа өнхөрсөн болов уу гэмээр хол зайд машин унаж аюул осолд орсон байсан. Тэр газар нь уулын хажуу, хад чулуу ихтэй газар байсан. Бид тэнд машинаа орхиод замын машинд сууж, аймгийн төв рүү буцаж ирсэн бөгөөд тэр машиныг авахаар очсон хүмүүс“Тэр машиныг авахад үнэхээр хэцүү байсан. Тийм аюултай осолд орсон таван хүн тавуулаа амьд мэнд байсан нь сонин юм” хэмээн гайхан ярьдаг.

Тухайн нөхцөл байдалд бурхан шашны талаарх иймэрхүү зүйлийг яривал бидний хэн нь ч хэрэг төвөг, асуудалд орох тийм цаг үе байсан тул бид дор бүрдээ тэр талаар таг дуугуй өнгөрсөн. Хожим нь тэрхүү “за ава” ургамлыг таньж, олж авч амьтны тусыг зохиосон. 1988 онд Даянгийн нуруунд одоогийнх шиг машинаар явж очдог зам байгаагүй. Хожим нь сонсоход тэрхүү Даянгийн нурууг ар халхын 10 Хангал залардаг, адис жинлавтай хайрхан хэмээн нэрлэж ирсэн түүхтэй юм билээ.

Энэхүү бодит үйл явцыг миний бие дүгнэн бодохдоо:

Нэгдүгээрт, Бидний зорьсон хэрэг нь амьтны тусын төлөө байсан.

Хоёрдугаарт, Очирваань бурхан үүсэх гэж буй тэр аюул ослыг надад хүний хэлээр оюун санаанд зарлиглахад нь би тэр үед хэр чадлаараа залбирч явсан.

Гуравдугаарт, “Багшаа” хэмээсэн сэтгэлийг тэрхэн агшинд үүсгэж чадсан. Урьдын ерөөл буян, амьтны тусыг бүтээх гэсэн сэтгэл, үйлсийг минь мэдэж, аюул ослоос авран адистидээ хайрлажамьтан бүхний хажууд заларч байдагаа агшин төдийд ил харуулжээ хэмээн гүн хүндэтгэлтэйгээр биширч, шүтэж, залбирч явдаг.

Орчлон ертөнцийн амьтан бүхнийг энэрэн асрагч

Оломгүй таалалдаа болгоон тэтгэгч

Ойр хол ялгалгүй Очироор илт татагч

Очирт нууцын эзэн дор орой бээр мөргөн тахимуй.

Сэтгэгдэл хаагдсан.