Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд цагаан сарын баяраа удам судар, ураг садны номоо бичдэг зан үйлд хандуулах хэрэгтэй

“Монголын мэдээ” сонин

Сэтгүүлч М.Ариунсувд

Баясгалан хэмээх луу жилээ үдэж, усан могой жилийн босгыг давах гэж буй энэ үед ирэх жилийн өнгө, үр шим ямар байх талаар МУ-ын хүний гавьяат эмч, профессор, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан” хийдийн тэргүүн, билгүүн номч хамба лам Д.Нацагдоржтой ярилцлаа. 

-Өнгөрч буй луу жилийн үр өгөөж ямар байв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэх хэрэгтэй байх. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Өнгөрч байгаа жил монголчуудын хувьд сайхан жил байлаа. Ялангуяа бүхий л газар орон нутагт байгалийн сайхан улирлууд ээлжлэн өнгөрлөө. Монголын ард түмэн, тэр тусмаа малчид өег тавтай байж, мал, хүн амьтны сэтгэл тэнүүн сайхан жил боллоо. Монгол Улсад ардчилал шинэчлэлийн хурай хүчтэй явж, улс төрийн байдал нэлээд тогтворжих тал ажиглагдаж байна. Нөгөө талаар Монгол Улс алдаануудаа мэдэрч байх шиг байна. Эцсийн эцэст Монголын энэ их эрдэнэсийг хэрэглэх хувьтай төрсөн хүмүүс нь манай ард түмэн.  Тиймээс уул уурхайн бодлого анхнаасаа Монголын үнэргүй байсан. Бид төрд дуу хоолойгоо хүргэх боломж нь ховор юм. Төрийн ихэс дээдсийг их ухаантай гэж бодсон чинь тэр үед маш ухаангүй алдаа гаргасан. Одоо түүнийгээ мэдэж байх шиг байна. Цаашдаа бүр их мэдрэх байх. Хөрөнгө оруулалтыг ихэд чухлаар авч үзсэн. Гэтэл хэн ч гэсэн ажил хийхдээ хүрз, жоотуугаа бэлдэж л ажилд ордог шүү дээ. Тиймээс тухайн үед хөрөнгө оруулалтыг маш зөв талаас нь ойлгох хэрэгтэй байсан. Гадныхан манай эд агуурсыг авч, ашиглах гэж байгаа бол хөрөнгө оруулалтаа өөрсдөө даах хэрэгтэй. Үүнийг бид тусад нь тооцоолж бодох ёстой байсан. Гэтэл тэр үед үүнийг бодолгүй, хөрөнгө оруулалт гэдэг тал дээр гол асуудлыг шийдсэн нь том алдаа болсон. Мөн энэ жилүүдэд олон улсын тавцанд монголын нэр хүнд өсч байгаа явдал нь бидэнд сайнаар нөлөөлөх нягууртай боллоо. Монголчууд дор бүрнээ хичээн ажиллаж, амжилт бүтээл арвинтай байсан.

-Ирж буй усан могой жилийн өнгө ямар байна вэ?

-Ирж буй усан могой жил их сайхан жил болно гэж бэлгэдэж, ерөөж бодож байна. Аливаа сөрөг муу зүйлийг сэтгэлийн ерөөлийн хүч, шүтэн барилдахуйн үүднээс нь сайн бодож, зөв бодол саналаар эхэлвэл үр дагавар нь зөвөөр гардаг. Тиймээс хүн өглөө босоод хамгийн анхны сэтгэгдлээрээ зөв зүйлийг бодож, зөв зүйлд зорьвол тэр өдрийнх нь ажил үйлс хүртэл зөв тийшээ эргэдэг.  Тэр лугаа нэгэн адил монголчууд сар шинийнхээ өглөө бүгдээрээ бэлгэ дэмбэрэлтэй сайхан зүйлийг бодож, ирж буй оноо угтаж, өөрсдийнхөө бодол саналыг зөв тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Тэгвэл жилийн сөрөг үр дагаврууд арилна. Гэхдээ зарим нэг зүйлийг сануулж хэлэхийг хүсч байна. Энэ жил гандуу, хур бороо ховор, зарим газруудаар ургамлын гарц муу, байгалийн салхи, гал түймэр гэх сөрөг үр дагавар гарч болзошгүй төлөвтэй байна. Тиймээс тэр сөрөг үр дагавруудыг монголчууд сар шинийнхээ их дүйцэн, буяны өдрүүдэд буян хийж, Монголын ард түмнээ би, чи гэлтгүй даатгаж, байгаль, баян хангайгаа аргадаж, лус савдгийг баярлуулж, ном буянаа айлдуулах хэрэгтэй. Тэгвэл байгаль, цаг агаарын сөрөг үр дагавар амирлах нягууртай байгаа. Үүнд бүгд хичээх хэрэгтэй. Мөн ирэх жил эв эеийг хичээх жил байгаа. Тиймээс хоорондоо эв түнжинтэй байж, нэгнийхээ гэмт явдлыг харж, түүнд сэтгэл гунирхарч, гутарч суухын оронд бусдын эрдэмтэй, мэдлэг чадвартай талыг нь харан баясч, эв түнжингээ эрхэмлэж амьдрах нь маш чухал.

-Сүүлийн үед цагаан сарын баярыг бие биенээсээ илүү гарах гэж тэмдэглэдэг болсон гэх шүүмжлэл байгаа. Ер нь цагаан сарын баярын мөн чанар юу юм. Ямар байдлаар тэмдэглэх ёстой вэ?

-Хүмүүсийн буяны хэмжээг бид хэмжихгүй. Хэн буянтай байна, ямар эд агуурс, идэж уухаа хэрэглэх нь тэр хүний буяны хувь зохиол. Ядуу явна гэдэг нь урьд болон энэ насны үйлийн үртэй холбоотой. Эд агуурсаар ядуу явахаас сэтгэл санаагаараа ядуу явах нь илүү хэцүү байдаг. Тиймээс би баян чинээлэг гэж хөөрөхгүй, ядуу зүдүү байна гэж гутарч гунихгүй сэтгэлээ ариусгах хэрэгтэй. Өөрийгөө болохгүй байна даа гэж бодсон хүн хичээ, чармай, хөдөлмөрлө. Зөв бодол саналыг агуулж, сайн зүйлийн төлөө хичээж чармайх хэрэгтэй. Сайхан таваг, идээ будаа засч байгаа хүнээс бид их зүйлийг сурах хэрэгтэй. Тэр хүмүүсээс сурах зүйл их байдаг. Та нэг өдөр яг түүн шиг таваг, идээ будаа засч, үр хүүхэд, хань ижил, хамаатан садныхаа өмнө хүндэтгэлийн суудалд суун, бусдыг хүндлэх, бусдаар хүндлүүлэх цаг хугацаа ирнэ. Тиймээс сурах зүйл их байна. Нөгөө талаас энэ баяр бол монголчуудын уугуул үндэсний баяр гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өнгөрсөн олон жил гадаадын баярыг тухайн орондоо бараг бүдгэрчихсэн байхад нь түүнийг маш яруу тодоор хөгжүүлж, нутагшуулсан ард түмэн.  Тэгчихээд өөрийнхөө үндэснийхээ баяраар илүү дутуу зүйл ярьдагаа болих хэрэгтэй юм. Харин үндэсний баяраараа бахархаж сур л даа. Суръя судалъя гэж үзэж, мэдэх нь чухал. Цагаан сарын баярыг ихэс дээдэс, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг ураг садны баяр гэж ойлгох хэрэгтэй. Мөн энэ баяр бол том хэмжээний буяны баяр. Хүний төрлийг олчихоод буян хийх үүрэгтэй, төрлөө сайжруулж байгаа баяр гэж бахархалтайгаар хүлээж авах хэрэгтэй. Энэ баяр бол Монголын ард түмний эв түнжин, нөхөрлөлийн баяр. Хүн хэн нэгэнд муу санаж, мунхаг ухаанаар бодож явсан бол түүнийгээ цайруулж, цагааруулдаг баяр юм.

-Одоо хүн болгон л гарын бэлэг өгөхгүй байя гэж ярьдаг болсон. Ер нь бэлэгний гол учир юу вэ, үүнийг ингэж өөрчилж болох уу?

-Буян хийх гэж байгаа хүний буяныг хэрэггүй гэж хорьж болохгүй. Эрдэнэт хүмүүний төрлийг олсон эгэл нь ч бай, ихэс дээдэс ч бай ямартай ч гэсэн буян хийх хэрэгтэй. Буяны хураахын нэг зүйл нь эд зүйлсийн өглөг байдаг. Гэхдээ харамгүй өглөг юу юунаас чухал.  Үүнийг их бага гэж тогтоодоггүй. Тиймээс бие биедээ бэлэг өгч буян хураах гэж байгаа бол түүнийг хорих гээд хэрэггүй шүү дээ. Хүмүүс одоо бүхий л зүйлийг мөнгөөр хэмжих гээд байх юм. Битгий тэгээсэй. Мөнгө бүгдийг шийддэг бол хүн болгон орчлонгийн мөнх бусыг үзэхгүй амьдарсаар л байна биз дээ. Мөнгө бүгдийг чаддаг, хүчтэй мэтээр ойлгодог нь маш эндүү мунхагийн сэтгэл бөгөөд мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл бол та бидний чин ариун буяны сэтгэл юм.  Ерөнхийдөө эд өглөгийн өглөг, номын өглөг, осол аюулгүйн өглөг гэж байдаг. Цагаан сар бол энэ бүгдийг нэг нэгэндээ хайрлаж байдаг баяр. Үр хүүхдээ тарнидаад, балчир бага залуустаа сайн сайхан сургааль айлдвал номын өглөг болно. Үүнийг нь харин үр хүүхэд нь миний амьдралыг сайжруулах гэж номын өглөг өглөө гэж хүлээж авдаг ухамсар, ёсзүйтэй байх ёстой. Энэ бол маш чухал. Тиймээс сургааль сонсдог баяр байх ёстой. Тэгээд бололцоогоороо эд өглөгийн өглөг өгч болно. Эсвэл нэгийгээ муу зүйлд орохоос нь урьчилан сэргийлж, аварч осол аюулгүйн өглөг өгч болно. Цагдаа нар “та архи битгий уугаарай, машинаа зөв бариарай, дүрмээ битгий зөрчөөрөй” гэж байгаа нь цаанаа осол аюулгүйн өглөг өгч байгаа хэлбэр юм. Үүнийг л хүлээж авдаг болчихоосой. Тэгвэл хэн ч алдаа гаргаж, муу зүйл хийхгүй. Зарим нь баян, зарим нь ядуу байна гэнэ. Энэ бол ерөнцийн жам. Ертөнцийн жамд хааны язгуур, ноёдын, харцын, бүр боолын, гуйлгачингийн язгуур гэж байдаг. Энэ бол үйлийн үр шүү дээ. Тиймээс бид өөрсдийнхөө Монгол үндэсний баярыг мөнгөөр хэмжиж болохгүй.

-Цагаан сарын баярыг ургийн баяр болгох санаачилга гарч байгаа. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Цагаан сарын мөн чанар нь угаасаа ураг садны баяр учраас зохион байгуулалттайгаар зөв тийш нь чиглүүлэх ёстой. Мөн удам, түүх шаштираа бичих баяр.  Гэтэл үүнийг хүмүүс мэдэхгүй байна. Үүнийг Монголын ард түмэн насан туршдаа бодох хэрэгтэй. Цагаан сараар хамаатан ахан дүүсээрээ уулзахдаа энэ онд бидний хэн нь сайн үйл хийж, санаж бодууштай зүйл хийж явна гэдгийг бичээд, хүн бүр цагаан сараар удмынхаа номыг бичиж, түүхээ арвижуулах хэрэгтэй. Удам угсааныхаа номыг, аав ээжийнхээ түүхийг бич.  Ээжийнхээ түүхийг бичихдээ ямар ажил хийснийг нь бичихээс гадна, тэр хүн амьдралдаа юу бодож, сэтгэж, таныг өдий зэрэгт яаж хүргэсэн гэх сэтгэлийн гүн рүү нь орсон зүйлийг бичиж, ном болгож үлдээх хэрэгтэй. Тэгвэл түүнийг дараа үе чинь уншина. Ээжийн тань сэтгэлдээ агуулж, бодож явсан нэг сайхан үйлс, хойч үеийнхний тань амьдралд тохиолдсон гаслан, зовлон, сэтгэлийн гутралаас аварч, урам хайрлан, ухаарал өгсөн  ном болж үлдэнэ.  Үүнийг хичээж хийх хэрэгтэй. Ер нь энэ оноос эхлээд монголчууд цагаан сарыг ураг садны баяр болгож, түүх намтраа бичдэг болох хэрэгтэй. Бид гурван үеийн намтар гэж бичдэг байсан. Гэтэл одоо намтраа ч бичиж чадахаа байсан байна.  Энэ бол өөрсдийнхөө намтар түүхийг орхиж байгаагийн жишээ. Монголын ард түмэн эрдэм номтой, дуулсан, сонссон, бодсон зүйл ихтэй ард түмэн. Монголчууд нүүдэлчдийн агуу соёлтой учраас бичигт буулгаж үлдээхээсээ илүү аман дамжлагаар ухааруулдаг, зааж сургадаг, бодитоор харуулдаг. Тиймээс үүнийг бичиг номд буулгах эрин цаг нь ирсэн байна. Монголчууд цагаан сарын баяраа удам судар, ураг садны номоо бичдэг зан үйлд хандуулах хэрэгтэй байна.

-Сар шинийн баярыг залуучууд ойшоохгүй болжээ. Өнгөрсөн жил нэгэн залуу гэр бүл ууцны оронд тахианы мах тавьсныг зурагтаар харуулж байсан. Ингээд байвал бидний соёл, заншил бүдгэрэх аюулд хүрэх вий гэж бодогдох юм?

-Ер нь бэлгэ дэмбэрлээ л бод. Хэрэв ууцны оронд тахианы мах тавьж байгаа бол тэр хүн өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж байна. Ямар сэтгэхүйтэй хүн гэдгээ харуулж, цаашдаа нэг ийм л явах юм байна даа гэдгээ харуулж байгаа юм. Ертөнцийн зайлшгүй шүтэн барилдахуйн бэлгэ дэмбэрлийг битгий зөрч. Ертөнцийн гольдрил дотор амьдарч байгаа бол түүнийг дагаж амьдар, ухаарч, сурч, судалж амьдар.  Ингэхээр л бэлгэ дэмбэрэл нь буруудаж байгаа байхгүй юу. Одоо залуучууд наргисан, дуулсан, бүжиглэсэн, орилж хашгирсан зүйлээ залуу хүний баяр гэж боддог. Энэ биш ээ. Өнөөдөр залуу хүн байлаа ч орчлонгийн гольдролыг л дагаж амьдарна. Орчлонгийн гольдрил дотор чинь шүтэн барилдахуй, бэлгэ дэмбэрэл, ёс жудаг, ёс зүй гэж том зүйлс байдаг. Түүнийг л дотроо агуулж  судалж үзэх хэрэгтэй. Баруунд очоод шинэ жилээр нь маш гоё юм болох байх гэж бодоход юу ч болдоггүй. Гэтэл монголчууд тэр баярыг ямар сүрхий хийж байна аа. Нөгөө л их ярьдаг мөнгө төгрөгөө ямар их зардаг билээ. Тэгсэн мөртлөө үндэснийхээ баярыг яагаад нүд үзүүрлээд байдаг юм. Бид монгол газар шороон дээр монгол хүн болж төрсөн  буянтай ард түмэн шүү дээ. Үүнийг л ухаарах хэрэгтэй. Энэ бол манайхан номт ёс зүйгүй  болж байна л гэсэн үг. Ер нь ертөнцийн ном, жам ёсонд суралцвал таны амьдрал сайжирч улмаар гэгээрлийн номд сурах ёстой.

-Цагаан сараар өчнөөн мөнгө, төгрөг зарчихлаа гэж харамсахаас биш, үр хүүхэддээ бэлгэдэл, ёс заншлыг зааж сургахгүй байх шиг. Үүнийг яах ёстой вэ. Хүүхдүүд ёс заншлаа мэдэхгүй хүмүүжвэл цагаан сарыг хүндэлж үзэхгүй байх вий дээ?

-Энэ талаар төрийн бодлогыг явуулах хэрэгтэй. Төрийн бодлогоор бүх хүнийг ном, ёс зүйд сургах хэрэгтэй байгаа юм. Утга учрыг нь мэдвэл бүгдээрээ ёс заншил, түүхээ хүндэлдэг, хайрладаг болно. Одоо залуу байгаа ч хэдхэн жилийн дараа  чиний дүү нар, хамаатан садны хүүхдүүд чамд мөргөж, залбираад золгохоор чи яах вэ гэдэг асуудал байна. Бид олон жил давтан давтан сурч, дадал заншил эзэмшиж байж тэр суудалд ертөнцийн жамаар суудаг юм байна. Тэр үед бүгдийг мэддэг байх ёстой.



Сэтгэгдэл хаагдсан.