Хамба лам Д.Нацагдорж: Монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй

Манба Дацангууд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ч 1938 оны улстөрийн хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол оронд уламжлалт анагаах ухааны сургалт, эмчилгээг явуулж байсан бүх Манба дацанг устгасан байдаг. Тэр үеэр III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд”-ийг ч устгасан аж. Харин тус хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг нь тэр хэвээр нь эхлүүлэх ажлыг Хамба лам Д.Нацагдорж 1990 онд эхлүүлсэн юм. Манба Дацангуудын нийгэмд үзүүлж байсан үйл ажиллагаа олон жил хаалттай байсныг дахин сэргээснээр уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн гэж хэлж болно.

Энэхүү түүхэн ач холбогдолтой ажлыг эхлүүлэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэлж буй Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржтой тус хийдийг сэргээж байсан үеийнх нь талаар дурсан ярилцлаа.

-III Богд Ишдамбийнямын санаачлан байгуулсан Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг та дахин сэргээсэн. Тухайн үед ямар төөрөг тавилангаар энэ хийдийг сэргээе гэсэн бодол төрсөн бэ?

-Би 1975 оноос хойш уламжлалт анагаах ухаан, бурханы шашныг сонирхож судалсан хүн. Тэр үеэс маарамба эмч багштайгаа уулзаж, Манба Дацангуудын баримталж байсан уламжлалт анагаах ухааны эмч нарыг сургадаг сургалтын дагуу анагаах ухааны ном заалгасан юм. Хожим 1980 онд Шашны их сургуульд орж суралцахынхаа хажуугаар анагаах ухааны номоо орхиогүй. Тиймээс ч 1981 онд багш маань “Уламжлалт анагаах ухааны онол эмчилгээний талаарх 4 үндэс номыг үзэж судаллаа, амьтны тусад үзлэг, оношилгоо хийж, эм өгч олон амьтанд туславал сайн” хэмээн айлдсан юм. Ингэснээр коммунизмын үед би хүмүүсийг эмчилж эхлэн, эдгээж байсан. Тэр үед эмчлүүлж байсан хүмүүс одоо ч холбоотой байдаг. 1985 онд Шашны их сургуулийг төгсчихөөд Гандантэгчилэн хийдэд ажиллах болсон. Тухайн үед тус хийдийн тэргүүн хамба лам Гаадан болон удирдлагууд Энэтхэг улсад байдаг Түвдийн эмнэлэг зурхайн институтэд хүн сургаж, тэр чиглэлээр мэргэшүүлье гэж ярилцсаны дагуу тухайн үед уламжлалт анагаах ухааны чиглэлээр ном үзэж байсан лам, хуврагууд дотроос намайг сонгож, итгэл үзүүлэн явуулсан юм. Энэ асуудал Гандантэгчилэн хийдээс анх шийдэгдэж, дараа нь Шашны хэрэг эрхлэх газраар дамжаад, Төв хороонд миний асуудал нэг жил гаран шалгагдаж, хүлээгдсэний эцэст зөвшөөрөгдөж, 1988 онд Гаадан хамбын нарийн бичгийн дарга байсан Нинжхорол гэдэг лам Буддын гүн ухааны сургуульд, би Эмнэлэг, зурхайн институдад Энэтхэгийн Дарамсала хотод сурахаар явсан. 1990 онд эргэж ирэхэд манай улсад маш том өөрчлөлт бий болж, ардчилал гарч, бүхий л өв уламжлал сэргэх хандлагатай болсон байсан. Тиймээс Манба Дацанг байгуулж, уламжлалт анагаах ухааныг хөгжүүлье гэсэн хүсэлтээ анх Гандантэгчилэн хийдийн хамба лам болон удирдлагуудад тавихад тааламжтай хүлээж авсан ч тухайн үед лам нар маш их дарамтанд байсан учраас төдийлөн зориг хүч гаргаж чадаагүй байх гэж боддог. Мөн тэр үед орон хийд байгуулах хөрөнгө мөнгө ч хомсдолтой байсан. Тиймээс би биеэ дааж Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацанг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлчихээд эргээд Дарамсала руу сурахаар явсан юм. Энэ хооронд нэгэн түүх хэлье л дээ. Би 1985 онд Шашны их сургуулиа төгсчихөөд эрдэм номын далай болсон Дамчой багш дээрээ очиж дипломоо үзүүлэхээр баяр хөөртэй уулзсан. Багш маань намайг маш их хүндэтгэлтэйгээр хүлээн авч, Долцон хувилгааны өөрийнх нь шүтэж байсан Цагаан шүхэрт бурханыг, бас нэг Дарь-эх бурхан, аюуш хадагийг өгч байсан юм. Тэгээд багш маань “Миний шавь их үйлстэй хүн дээ. Миний хүүгийн үйлс их дэлгэрнэ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн бурхадын үйлсийг тэтгэгч нь Дарь-Эх шүү дээ, тийм учраас Дарь-Эх, Цагаан шүхэртээ сайн уншиж яваарай” гэж айлдсан. Тэгээд Долцон хувилгааны Цагаан шүхэрт бурханыг надад хайрлахдаа түүхийг нь ярьж өгсөн юм. Би багшаараа Цагаан шүхэрт заалгачихаад их уншдаг байлаа. Тиймээс ч надад тэрхүү нандин шүтээнийг хайрласан байх. Хожим Сэрээтэр гэж хүн түүхийн архивын үндсэн бичиг баримтыг тулгуурлан нэг ном бичсэнийг нь би олж үзсэн юм. Тэгэхэд Улаанбаатарт байсан Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийг барьж байгуулахад тус хийдийн алтан ганжир болон дүгжанцанг нь Долцон хувилгаан бүтээсэн байжээ гэдгийг түүхийн баримтаас олж бичсэн байсан. Бидний энэ сэргээсэн Манба Дацан хийдийн ганжирыг Долцон хувилгаан бүтээж, багш маань Долцон хувилгааны бурханыг надад өгч, бид тэр хийдийг сэргээсэн нь цаанаа нэг буяны улбаатай байжээ гэж бэлгэшээж явдаг. Мөн манай Гандантэгчилэн хийдийн цорж лам, гавж Диваасамбуу багшдаа хийд байгуулах тухайгаа ярихад, багш маань дэмжиж, байгуулах бүхий л үйл ажиллагаанд оролцоод Манба Дацангийн хурал номын жаяг, дэглэмийг бүгдийг нь дэглэж тусалсан. Багш багадаа Манба Дацангуудад сууж ном үзсэн хүн. Багш минь манай Манба Дацан хийдийн нээлтийн баяр дээр чухал түүхэн үнэт зүйлийг бидэнд хайрласан. Тэр нь бидний сэргээсэн Бусдад Туслахуй Анагаах Ухааны хийдийн хурал номын горим хөтөлбөр байлаа. Анхны Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдэд хурж байсан хурал номын горим хөтөлбөрийг тухайн үед тус хийдийн гонир, тахил балингийг нь бэлддэг байсан Цэнд-Аюуш гэдэг лам 1960 онд манай цорж багшид өгч үлдээсэн юм билээ. Тэгээд л багш маань Манба Дацангийн горим хөтөлбөрийг олон жил хадгалж байгаад бидэнд өгч, түүх номыг нь уламжлуулсан түүхтэй. Ингээд бодоход түүхийн улбаа, аливаа зүйлийн бүтэх тавилан цаанаа бүгд шүтэн барилдахуйн ухаан дээр тогтож явдаг юм байна. Энэ их үйлсийг хийхэд бурхан гончогсүм хажууд минь байнга заларч байсан гэдэгт би итгэлтэй байдаг. Нөгөө талаар би 1990 онд энэ үйлсийг бүтээхдээ мөнгө төгрөгний тухай юу ч бодоогүй, ерөөсөө л буяны үйлсийг хийж бүтээе гэсэн том эрмэлзлэл, бодол санаатай байсан. Амьтны тусад их үйлсийг бүтээе, өөрийнхөө бие сэтгэлийг бусдын тусад номын үйлд зориулая гэсэн бодол надад маш хүчтэй нөлөөлсөн. Ер нь би энэ эрин цаг үед монголчууд уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний агуу ач тусыг эдлээсэй гэж л боддог. Өнгөрсөн цаг хугацаанд надад их бартаа саад тохиолдож байсан ч түүнийг огт саад бэрхшээл гэж бодож байгаагүй. Тэгээд 1990 онд Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба Дацанг байгуулж, эмнэлэг, эмийн үйлдвэрийн үйл ажиллагаагааг нь эхлүүлэн байгуулсан. 1991 онд Оточ Манрамба дээд сургуулийг байгуулсан юм. Ингэснээр өнөөдөр энэ үйлс хаашаа ч хөдлөшгүй зөв хөгжлийн суурь нь тавигдсан гэж хэлж болно. Бүгд нэг нэгнээсээ уялдаа холбоотой хөгжиж байна. Үүнийг цогцоор нь хөгжүүлсэн нь маш том амжилтын үндэс болж байна даа.

-Манба Дацанг дахин сэргээхдээ ямар бурхан шүтээн залсан бэ. Өмнөх хийдийн бурхадыг олж залж чадсан уу?

-Бид Манба Дацан хийддээ эрт дээр үеийн томоохон хийдүүдэд байсан нандин бурхан шүтээнийг залж, өөрсдөө ч олон бурхан бүтээлгэж залсан. Би 1991 онд Непал улсад очин найман Манла бүтээлгэхээр захиалга өгч, 1992 онд залж авчирч байлаа. Тухайн үед Монголын бурхан шүтээнүүд гадагшаа их алдагдаж байхад би эсрэгээрээ том хэмжээний бурхан шүтээнүүдийг оруулж ирж байсан. Анх ардчилал бий болсны дараа найман Манла бурхныг монголд залж авчирсан нь их бэлгэ дэмбэрэлтэй зүйл гэж боддог. Энэ уламжлалт анагаах ухаанаа дэлхийд гарах бэлгэ дэмбэрэл нь бүтсэн гэж бодож явдаг. Мөн Монгол Улсад уламжлалт анагаах ухаан хөгжих шүтэн барилдлага бүрдлээ гэж бодож байсан. Монголчууд уламжлалт анагаах ухааныг сайн хөгжүүлвэл эрүүл амьдарч, урт наслахын бэлгэ дэмбэрэл бүрдлээ, Манла бурханы ивээлд багтлаа гэж олон бэлгэ дэмбэрэлтэй зүйлийг бодож явсан. Тиймээс ч энэ бүхэн өнөөдөр яг тэр сайн сайхан бэлгэ дэмбэрэлээр л болж  байгаа мэт мэдрэгддэг. Үүнээс хойш бид олон сайхан бурханыг бүтээлгэсэн. Манба Дацан төвийн 20 жилийн ойгоор 100 гаран мянган ам.долларт олон бурхадыг Непал улсад бүтээлгэсэн. Энэ их буянд Манба Дацан төвөөр үйлчлүүлсэн бүх хүмүүс оролцсон шүү гэдгийг энэ сониноор дамжуулан хэлэхийг хүсч байна.

-Анхны Манба Дацангийн хурал номын хөтөлбөрийг багшаасаа залсан шүү дээ. Одоо тэрхүү хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-Манба Дацангуудын хурал ном өөрийн гэсэн жаяг, дэглэмтэй. Манба Дацанд бүх хийдүүдэд хурдаг цагийн том том хурлуудыг хурж байна. Эдгээрээс гадна Шинийн 10-нд анагаах ухааны үйлсийг тэтгэдэг бурхад сахиусыг тахидаг. Энэ бол их онцлог хурал. Үүнийг зөвхөн Манба Дацанд л хурдаг. Анагаах ухааны үйлсийг тэтгэдэг бурхад сахиусыг тахихдаа зөвхөн өөрсдийнхөө төлөө бус Монгол Улсын эрүүл мэндийн салбар, ард түмэнг эрүүл байгаасай, урт насалж удаан жаргахын баяр баяслыг эдлээсэй гэж сахиусанд даатгал хийж байгаа юм. Тиймээс энэ хурал бүх хүмүүст хамааралтай. Мөн Гүнрүг, Аюушийн чого хурал, 29-ний их тахилгат хурлыг хурж байна. Шинийн 14, 15, шинийн 1, битүүний найдан чого, бүх дүйцэн том хурлуудыг хурж байгаа. Манла, Гүнрэгийн Дүлцон жинхортой томоохон хурлуудыг хурдаг. Түүнээс гадна өдөр тутам цохчин хурал, сүсэгтэн олны даатгал хурлуудыг хурж, жилийн засал номнуудыг уншиж байгаа юм. Түүнчлэн уламжлалт анагаах ухааны шүн онол бол их хөлгөний дээд хөлгөн болсон тарнийн шашинтай холбоотой. Тиймээс тарнийн шашныг бид судалж, ямар өвчнийг тарниар эдгээж болдог вэ гэдгийг судалж үзсэн. Тухайлбал, элэгний вирусыг тарнитай хавсарч эмчлэх, ходоодны өвчин, давсаг болоод цөсний чулуу, бөөрний чулуу, арьсны өвчинг тарниар анагаах гээд маш олон тарни эмчилгээ байдаг юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл хаагдсан.