Хамба лам Д.Нацагдорж: Та ус ууж амьдарсан бол үр хүүхэддээ багахан ч болов үлдээх хэрэгтэй
“Монголын мэдээ” сонин 2016. 03.23
Сэтгүүлч Н.Батзаяа
1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан. Манай улс дэлхийн усны өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Ус ба уламжлал” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Монголын усны түншлэл, Цаглашгүй гэрэл төрийн бус байгууллага зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн үеэр “Манба Дацан” хийдийн Хамба лам, доктор Д.Нацагдоржтой цөөн хором ярилцлаа.
-Дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг нь усны хомсдол. Манай улсад усны бохирдол, хомсдлын асуудал яригдаад олон жил болж байна. Яагаад усны асуудал аюул дагуулах болов?
-Хүн төрөлхтөн төдийгүй ургамал, амьтан, амьд организмд нөлөөлж, аюул учруулж байгаа асуудал бол цэвэр усны хомсдол юм. Ус хомсдож байгаа нь дэлхийн хүн амын өсөлттэй холбоотой. Мөн техник технологийн эрин үе гэж усыг замбараагүй, буруу хэрэглэж байгаа нь хомсдох гол шалтгаан болж байна. Дэлхий нийтээрээ усны бохирдол, цэвэр усны хомсдолын асуудлуудыг ярилцаж, хойч үедээ байгаль дэлхийгээ онгон байдлаар нь өвлүүлэн үлдээх арга замыг судлахад анхаарлаа хандуулах болсон. Монголчууд ус, рашаан судлалын талаар олон мянган жилийн арвин туршлага, өв соёл, уламжлалтай ард түмэн. Энэ арвин уламжлалаа сэргээх үүрэг, бидний өмнө тулгарч байна. Өв уламжлалаа сэргээх цаг болсон. Монголчууд усыг хайрлах ухаанд хэр үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байсан бэ гэдгийг судалж, дэлхий нийтийн өмнө гаргах хэрэгтэй юм.
-Бид усыг хайрлах, дээдлэх арвин их соёлтой ард түмэн. Гэтэл одоо энэ соёл мартагдаж, бага багаар үгүй болж байх шиг санагддаг?
-Сүүлийн 60-80 жилд энэ соёл мартагдаж байна. Бидний өвөг дээдэс усаа хамгаалах асар их оюуны мэдлэгтэй байсан. Тэгэхээр монголчууд тэр их мэдлэгийг хаанаас авч байсан бэ гэх асуудал гарч ирэх байх. Бидний өвөг дээдэс уул ус, байгаль дэлхийгээ хайрлах ухааныг бурхны ном, сургаалиас л авч, амьдралдаа хэрэгжүүлж байсан. Тийм л уламжлалтай ард түмэн. Тэгэхээр тэр сайхан уламжлал, арга ухааныг бид судлах хэрэгтэй.
-Бурхны шашинд усыг хайрлаж хамгаалах, дээдлэх талаар хэрхэн сургасан байдаг юм бэ?
-Усыг нийтийн эрдэнэ хэмээн сургасан байдаг. Мөн ус зэндмэнэ буюу чандмань эрдэнэ гэж сургадаг. Хүн амьд амьтны амь нь шүү гэж айлдсан. Тэгэхээр усгүй бол бид амьдрахгүй л гэсэн үг. Үгийн утгыг хүртэл зөв ойлгох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ уламжлан усыг хайрлаж, хамгаалдаг байсан нь энэ үгнээс харагдаж байгаа юм. Энэ бол усны зөв хэрэглээг ойлгуулах гэсэн үг. Устай буруу харьцана гэдэг ирээдүй, хойч үедээ нүгэл хийж, гай тарьж байна гэсэн үг. Та ус хэрэглэхгүйгээр амьд явж чадахгүй. Та ус ууж амьдарсан бол дараа үедээ багахан ч болов үлдээх хэрэгтэй байна. Усыг чинь бас хадгалах хэрэгтэй юм байна шүү. Би замбараагүй хэрэглэж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгож амьдрах нь зөв юм.
-Монголчууд хар ус харамладаггүй гэж ярьдаг. Гэтэл өнөөдөр хар усыг харамлаж, хайрлахаас аргагүй болсон байна. Тэгэхээр нийгмийн энэ буруу сэтгэлгээг хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бэ?
-Хар ус харамладаггүй гэдгийг би нөгөө талаас нь харж ойлгуулахыг хүсч байгаа юм. Энэ бол усыг замбараагүй, гамгүй хэрэглэдэг хүнд зориулж хэлсэн үг. Усыг их хайрлаж, дээдэлдэг хүн “Ус үнэ цэнэтэй шүү. Чи хамаагүй хэрэглэх гээд байна” гэдэг утгаар усыг буруу хэрэглэдэг хүнд хэлсэн үг гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хар ус харамладаггүй гээд хамаагүй асгаад, буруу хэрэглээд байна гэсэн үг биш юм. Үгийн утгыг хүртэл зөв ойлгох хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ уламжлан усыг хайрлаж, хамгаалдаг байсан нь энэ үгнээс харагдаж байгаа юм. Энэ бол усны зөв хэрэглээг ойлгуулах гэсэн үг. Устай буруу харьцана гэдэг ирээдүй, хойч үедээ нүгэл хийж, гай тарьж байна гэсэн үг. Та ус хэрэглэхгүйгээр амьд явж чадахгүй. Та ус ууж амьдарсан бол дараа үедээ багахан ч болов үлдээх хэрэгтэй байна. Усыг чинь бас хадгалах хэрэгтэй юм байна шүү. Би замбараагүй хэрэглэж болохгүй юм байна шүү гэдгийг ойлгож амьдрах нь зөв юм.
-Манай улсын усны менежмент сайн биш гэж байгаа шүү дээ. Тэгвэл бидний өвөг дээдэс усны менежментийг хэрхэн хэрэг¬жүүлж байсан юм бэ?
-Усны менежментийг гэрийн сургалтаар олгож байсан. Усанд сүүтэй шанага дүрж болохгүй. Цус хүргэж болохгүй, ус бохирдоно шүү гэж заадаг байж. Устай ингэж харьцвал нүгэл, ингэж харьцвал буян гэх зэргээр усаа хайрлах ухааныг үр хүүхэддээ сургаж байсан. Энэ нь өөрөө асар их ач тустай, зөв менежмент юм. Ингээд бодохоор монголчууд амин хувиа хичээсэн, зөвхөн өөрийгөө бодсон үзэл бодлоор хүмүүжиж ирээгүй. Бусдыг бодсон үзэл бодлоор хүмүүжиж ирсэн. Түүнийгээ гэрийн сургалтаар олгодог байсан байна. Сүм хийдийн лам хуваргууд ч энэ талаар мэдлэгтэй байсан. Онолын өндөр төвшний мэдлэгтэй байсан учраас энэ олон мянган жил оршин тогтносон юм. Сүүлийн хэдэн жил л улс төр, бусад орны хавчлага дарамтаас болоод уламжлалаа хаясан. Энэ уламжлалаа дахин сэргээхэд хүн бүр идэвхтэй оролцож, уламжлалаа мэдэж авъя гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй.
Сэтгэгдэл хаагдсан.