ТӨРСӨН ӨДРӨӨ БУЯНТ ҮЙЛСИЙН ӨДӨР БОЛГОН ТЭМДЭГЛЭХ НЬ ГАЙХАМШИГТАЙ ЮМ

МУЭСТ “Манба Дацан”-гийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж

 Төрсөн өдөр бол эрдэнэт хүмүүний төрлөөрөө бахархах өдөр

     Хүмүүс орчлонд мэндэлсэн өдрөө баяр жаргал хэмээн хүлээн авч, хайртай дотны хүмүүсээрээ хүрээлүүлэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Бурхан багшийн, Богд дэдэсийн мэндэлсэн өдрийг эртнээс буян хишгийг арвижуулахын тухайд мандал, даншиг өргөх тэргүүтнээр зохион байгуулж, дурсан тэмдэглэдэг уламжлал байна. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг гэдэг цаанаа их гүн утга учиртай.

    Төрсөн өдөр бол сайн, эрдэнэт хүмүүний чухал төрлөөрөө бахархах өдөр билээ. Бид бүхэн гэгээлэг, сайн, буянтай төрлийг авч төрсөн билээ.  Харин одоо цагт хүмүүс энэ өдрийг үнэхээр зөв тэмдэглэж байна уу, бие сэтгэлийнх нь үйлдлүүд зөв байна уу гэдгийг номын талаас тунгаан бодож монголчууддаа айлдах учир байна.

    Бурхны ном, анагаах, зурхайн гүн ухаанд ч замбуулингийн хүний амьдралд төрсөн өдөр маш чухал ач холбогдолтойг айлдахын зэрэгцээ насны зурхайг зуруулж, өөрийн амьдралд тохиолдох сөрөг зүйлсийг ном, буянаар засч сайн сайханд урвуулдаг ёс уламжлал бий.

    Хүний төрөл бол буяны үйлээр олддог буянлаг ДНК-тай төрөл юм. Иймээс буянлаг сайн ДНК-г устгаж, сэвтүүлдэг сөрөг үр дагавруудыг арилгаж ариусгаж байх нь чухал.

Эцэг, эхийн ач хийгээд энэ хорвоод тэдэнтэйгээ учрах ерөөл

      Намайг хүүхэд байх үед аав, ээж минь, “Биеийг нь төрүүлснээс сэтгэлийг нь төрүүлээгүй юм. Үр хүүхэд минь яаж явахыг оноо /үйлийн үр/ мэднэ” хэмээн айлддаг байсан нь сэтгэлд гүн гүнзгий үлджээ. Хожим нь ном үзэж явахад уламжлалт анагаах ухааны хүн үүсч буй болох тухай сургааль номд энэ тухай тодорхой айлдсаныг олж мэдээд бидний аав, ээжид эртний мэргэд ямар гоё тансагаар тэрхүү сургаалийг айлдаж, бидний үед өвлүүлэн үлдээснийг биширч явдаг.

     Хүн төрлийг авч төрөхөд аав, ээжийн эрүүл эр, эм эсээс бие цогцос бүтэх бөгөөд сэтгэл нь зуурдын төрлөөс залардаг. Тэр нь олон төрлийнхөө үйлийн үрийг хамтдаа тээж явахаас гадна аав, ээждээ үр хүүхэд нь болох шүтэн барилдахуй, үйлийн үрийн маш нарийн үйл явцад бид эрдэнэт хүмүүний төрлийг авч төрдөг байна. Тиймээс эрдэнэт хүмүүний төрлийг зүүний үзүүр дээр будаа тогтохтой адилхан гэж үлгэрлэсэн нь ямар чухал мөн чанар агуулсан, гэгээрэлд ч хүрч болох төрөл гэдэг талаас нь үзүүлжээ.

 Төрсөн өдрөө буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэх нь

гайхамшигтай юм

    Төрсөн өдрөө тэмдэглэхдээ, “Тэр маань ирсэнгүй, надад бэлэг өгсөнгүй, тийм ч юм авна, ийм ч юм таалагдсангүй” гэх мэтээр бие, хэл, сэтгэлийн сөрөг үйлүүдийг цээрлэж байх нь  юу, юунаас чухал.  Харин ч та эрдэнэт хүмүүний төрлийг олсон учраас өөрөө бас өглөг, буян үйлдэхийг л санах хэрэгтэй юм.

    Хүнд төрсөн өдрөөр нь бэлэг өгч чадаагүй ч гэсэн сайхан ерөөл хэлэх нь илүү ач холбогдолтой. Төрсөн өдрийн эзэн хэдий чинээ олон ерөөл авна, төдий чинээ тэр олон хүний ерөөл буянаар тэр хүн сайн сайхан явах үндэс суурь бас бүрддэгийг бодох л хэрэгтэй.

    Төрсөн өдрөө тэмдэглэхдээ юуны түрүүнд аав, ээждээ сэтгэлийн үг, ерөөлөө айлтгаж хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй байна. Бас буянт аав, ээждээ буян үйлдэж, ном уншуулах нь цаглашгүй буян.  Аав, ээж, ачит багшийнхаа ачийг нь дурсах хэрэгтэй.

    Хүмүүс бид төрүүлж өсгөж өдий зэрэгт хүргэсэн аав, ээжийгээ бие сэтгэлээр нь зовоохгүй, цог золбоотой явах нь ч буян юм. Аав, ээжийгээ зовоохгүйн тухайд үр хүүхэд нь зөв ёс зүй, зөв хооллолт, бие сэтгэлийн зөв явдал мөрийг мөрдлөг болгох нь чухал болой.

    Аав, ээж нь ч ертөнцийн номт ёсыг дагаж үр хүүхэд, удам угсаандаа дээдийн номын сургаалиас айлдаж, буяны зам мөрийг үлдээх, энэ амьдралаа сайн сайхнаар авч явах нь хүн бүрийн эрхэм үүрэг хариуцлага юм.

     Төрсөн өдрөө буянд шамдах, буян хишиг хураах, буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэх нь гайхамшигтай юм. Төрсөн өдрөө урьд болон энэ төрлийнхөө дутагдалтай, нүгэл хилэнцийн урхаг байвал наминчлан арилгах өдөр хэмээн буянд шамдах нь гэгээлэг зам мөр юм.

    Түүнчлэн таны төрсөн өдрийг хүндэтгэж, хамтдаа баярлаж буй найз нөхөд, дотны хүмүүстээ талархал илэрхийлж, сайхан үг, үзэл бодлоо илэрхийлэхээс гадна өнгөрсөн жилээ дүгнэн цэгнэж, дараачийн он жилүүдэд хийж бүтээх зорилго, төлөвлөгөө, сайхан ерөөл буянаа тэдэндээ танилцуулж, дэмжиж тусалж явахыг хүсэн нь сайн болой.  

    Аав, ээж, ахан дүүс, найз нөхөд нь ч төрсөн өдрийн эзний давуутай сайн талуудыг хэлэхийн зэрэгцээ бодууштай зүйлд нь ч сургаалиа хайрлах хэрэгтэй юм.

Төрсөн өдрөөрөө уншуулах ном, засал

     Хүнийг төрсөн цагаас нь эхлэн харж хамгаалан дэмждэг Лха таван тэнгэр болох Говийн Лха бурхнаа тахиулах, хийморь лундаагаа даатгаж, “Хийморийн сан”, эрүүл мэндээ даатгаад “Манла”, амьдралынхаа насыг бодоод “Цэнд-Аюуш”, ирээдүйн ажил үйлс, амьдралынхаа сайн сайхныг бодож, сөрөг муу зүйлийг ариусгахад гурван Гүрэм /Ширнэн, Цагаан шүхэрт, Дарь-Эх”/, бүхий л зүйл амар амгалантай, амьдрал маань дандаа өөдрөг өнгөтэй сайхан байлгахын тухайд Дашзэвэг найман гэгээн, Санжид Монлам, төрсөн жил, сар, өдрийн засал болгож Нансаа Нанжад зэрэг номыг уншуулвал зохилтой.

    Харин хүүхдэд /0-16 нас/ дээрх номуудаас гадна хүүхдийн 15 ад тотгор, жил сар, өдрийн муу, сөрөг үр дагавраас сэрэмжлэн хамгаалах Загд Жүсүм, Бумчэн, Банзрагч зэрэг бурхны айлдвар номуудыг уншуулах нь цаглашгүй их буян билээ.

    Бурхны айлдсан дээдийн номуудыг айлдсанаар урд төрөл, энэ төрөл, дараа төрөлдөө ч буяны үр дагавар ирэх бөгөөд гэгээрэлд хүрэх нь дамжиггүй юм.

    Эрхэм монголчууд та бүхнээсээ төрсөн өдрөө буянт үйлсийн өдөр болгон тэмдэглэхийг хичээнгүйлэн хүсэмжилж, залбирал ерөөлөө өргөе!

 

 

 

 

 

.

 

 

 

 

 

 

 

 

 

 



Сэтгэгдэл хаагдсан.