Хамба лам Д.НАЦАГДОРЖ: Шинжлэх ухааны өнөөгийн арга барилдаа салхи оруулж, буруу үзэл бодлоосоо салах хэрэгтэй
Эцгийнхээ нэрээс гадна “Манба дацан”-гийн хэмээх давхар овогтой болсон нэгэн эрхэм хүнийг “Уншигч-сурвалжлагч” зочноороо урилаа. Тэр бол Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Нацагдорж. Түүнтэй ярилцаж, манай сонины сурвалжлагчийн үүргийг түр гүйцэтгэсэн хүнийг Ё.Наранцэцэг гэдэг. “Нара зүү засал” уламжлалт анагаах ухааны эмнэлэг, сувиллын их эмч, клиникийн профессор тэрбээр ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны их сургуульд европ анагаах ухааны эрдэмд суралцсан, хожмоо Д.Нацагдорж хамбатай багш, шавийн барилдлагатай болсон нэгэн юм. “Ковид-19”- ийн улмаас дэлхий дахинд хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд буй энэ цаг үед зочин, сурвалжлагч хоёроо уулзуулсан нь учиртай. Тэд Монголын уламжлалт анагаах ухааны эрдэм, хүчээр эл өвчнийг анагаах боломжтой, эсэх, ер нь монголчуудын уламжлалт өв соёл, ухаан мэдлэгийн талаар үзэл бодлоо хуваалцсаныг уншигч та болгооно уу.
-Шинийн гурванд би нэлээд орой тан руу утасдахад “Багш нь ажиллаж байна” гэсэн. Хэд хоногийн дараа уулзахад мөн л их ажилтай байсан. Та титэм вирусийн талаар л судлаад байж тийм үү, багш аа. Олон жил эмчээр ажилласан хүний хувьд би бас тал бүрээр бодож үзсэн л дээ. Уламжлалт анагаах ухаан талаас нь ч, европ талаас нь ч тэр. Үүнээс эхний асуултаа тавья. Жишээ нь, эл халдварын үед бие сулрах, жихүүцэх, сэтгэл хямрах, толгой, үе мөч өвдөх, хоолонд дургүй болох, хамар, ам хатах, халуурах гэхчлэн шинж тэмдэг илэрдэг гэж байна. Үүнийг европ анагаах ухаанд өвчний далд, нууц үе гэнэ. Уламжлалт анагаах ухаанаар бол энэ нь эс боловсорсон халуун буюу боловсроогүй үе шат гэдэг бөгөөд энэ үед нь тохирсон эм тан өгснөөр өвчний явцыг түргэтгэн дараагийн шатанд оруулах зэргээр нарийн дараалалтайгаар бүрэн гүйцэт эмчилдэг. Уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн хүний хувьд танаас асуухад, энэ үед нь ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-“Ковид-19” өвчин дэлхий нийтэд тархаж, нэлээд асуудал үүсгэлээ. Хүн бүр үүнд санаа зовж, мэргэжлийнхэн сэтгэлээ чилээж байна. Монгол Улсын төр, засгаас эл өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүдийг даруй авч, сайн хэрэгжүүлж байгаагийн үр дүнд ард иргэд урьдчилан сэргийлэх нөхцөл бололцоогоор хангагдлаа. Манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж, гадаад улсаас зөөвөрлөгдөн ирэхээс ч өмнө бид Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлд асуудлаа танилцуулж, уг өвчнийг эмчлэхэд уламжлалт анагаах ухааны эмч нарыг оролцуулах, арга хэмжээ авах нь зүйтэй, бид туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингээд Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээний түр заавар боловсруулсан. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2020 оны гуравдугаар сарын 16-нд А185 дугаар тушаал гаргаж, эмчилгээний түр зааврыг баталсан. Энэ ажилд “Манба дацан” төвийнхөн идэвх, санаачилгатай оролцож, голчлон ажилласан. Таны хэлдгээр, олон хоног судалж, шинжилж, бодож байж л эл ажлын ард гарсан даа. Хэдэн мянганы тэртээд бий болгосон өв уламжлал, уламжлалт анагаах ухааны эрдэм мэдлэг онолыг ч, практикийг ч үзэж, судалсан учраас бид сэтгэлийн хөөрлөөр ярьдаггүй. Хятад улс уламжлалт анагаах ухаанаа дээдэлж, дэлхийд гаргана гэсэн бодлоготой явдаг. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд шинэ вирусийн эмчилгээнд европ болон уламжлалт арга ухаанаа зэрэгцүүлэн хэрэглэж байгаагаас энэ нь тод харагдлаа. Ингэж уламжлалт анагаах ухаанаа олон улсад таниулж чадаж байгаа нь тэр ард түмний өв соёл, мэдлэг, төрийнх нь ухаалаг бодлого юм.
Таны асууж, ярьсанчлан аливаа өвчин эхэндээ далд үед явагддаг. Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчний ангиллыг хийн, шарын, бадганы, хурмалын, нянгийн гэж ангилдаг шүү дээ. Мөн шинж тэмдгийнх нь байдлаас халдварт халуун эс боловсорсон, халдварт халуун дэлгэрсэн, халдварт халуун хоосорсон үеийнх гэж авч үздэг. Үүнээс гадна аль эрхтэн тогтолцоог илүү хорлож байгаагаар нь судалдаг юм. Халдварт өвчнийг үе шатаар нь эхний болон хоёр, гурав, дөрөв, тав дахь гурван хоног гэх мэтчилэн эхэн, дунд, төгсгөлийн үе шатуудыг авч үзэж, тохирсон эмчилгээнүүүдийг хийдэг.
Манай уламжлалт ухааны онолоор бол нэгэнт халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш богино хугацаанд дараагийн үе шатанд нь оруулдаг тактик байдаг л даа. Өөрөөр хэлбэл, боловсроогүй үе шатыг эм тангийн тусламжтайгаар боловсруулж, өвчний үйл явцын хугацааг богиносгодог. Ингээд дэлгэрсэн халуун болоод үрэвсэл ид явагдаад ирэхээр нь ямар тактик баримтлах вэ гэдгийг онолын түвшинд маш нарийн заасан байдаг. Өдгөө тархаад байгаа өвчин уушгийг голчлон барьдаг юм байна. Тэгэхээр бид уушги буюу халдварын голомт руу чиглэсэн эм тангуудын жагсаалтыг сайдын тушаалаар батлуулсан.
-Архаг хууч өвчтэй хүмүүст эл өвчин илүү хүнд тусаж байгааг гадаадын эмч нар ярьж, сануулж байна. Тэгвэл уламжлалт анагаах ухааны давуу тал нь өвчний бүх үе шатанд тухайн хүний эд, эрхтний өвчин, эмгэг хямрах уу, хууч нь хөдөлж, сэдэрвэл ийм эм тан өгнө гэх мэтээр цогцоор нь тооцдог. Тиймээс л эмчилгээг хүндрэл багатай давах боломжтой.
-Энэ нь уламжлалт анагаах ухааны онолоор өндөр настай, хөгшин хүмүүс хийн махбодь арвидах, хоргодох, хямрах нь илүү байдагтай холбоотойгоос гадна хийтэй хавсарсан халдварт халууныг сайтар анхаарах нь чухал гэдгийг харуулж байгаа. Аливаа нян, бактери, вируст өвчин, халдварт болон халдварт бус өвчнүүдийг онолын дагуу маш нарийн эмчилдэг. Тухайлбал, нянгийн халдварт өвчний үед нэгдүгээрт, хавцлыг боомтлох, боловсруулах, хоёрдугаарт, тохирсон ерөндгөөр нядлах, гуравдугаарт, өвчний урхагийг гаргах, дөрөвдүгээрт, өвчний үлдцийг цэвэрлэж, сүүлийг таслах гэсэн зарчим баримталж анагаадаг. Үүнийг уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлая. Жишээлбэл, дайсны их хүчийг өөрсдийн ашигтай тулалдах газарт мэргэн аргаар оруулж ирэх, энэ нь эс боловсорсон өвчнийг боловсруулах, хавцлыг боомтлохтой адил. Ингэж хүссэн газартаа оруулчихсан дайснуудыг тохирсон эмээр нь бөмбөгдөн нядлах үед 70, 80 хүртэл хувь нь устдаг. Харин үлдсэн хэсэг нь бүгдээрээ нийлж хэрхэн аль, аль эрхтэн тогтолцоог хорлох вэ гэдэг үйл ажиллагаа, тактикаа боловсруулж партизаны байдлаар дайралтаа олон талаар явуулдаг. Энэ үед уламжлалт анагаах ухааны эмч онолын дагуу аль, аль эрхтнийг хорлодгийг мэддэг учраас жижиг партизаны отрядуудыг тохирсон эм тангаар устгадаг. Үүний дараа нэлээд хувь нь устаж эдгэрэх ч 2-3 хувь нь үлдэж мөн л хорлолоо явуулахаар оролдоно. Энэ үед өвчтөний биеийн байдал дээрдэж, сайхан болох ч алсдаа, эсвэл хэдэн сар, жилийн дараа үлдэгдэл цөөхөн хувь нь гай тарих магадлал өндөр учраас эцэслэх эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Онолын дагуу өвчний үлдцийг цэвэрлэнэ. Үүнийг сүүлийг нь таслах эмчилгээ гэдэг. Ингэж өвчний голомтыг үнсэн товрого болгодог асар нарийн мэдлэг, ухаан монгол уламжлалт анагаах ухаанд бий. Тэгэхээр бид өнөө үед ийм нарийн ухааныг зөвхөн халдварт өвчлөлийн хүрээнд бус, өргөн хэрэглэж, уламжлалаа сэргээх ёстой. Коронавирусийн эмчилгээнд манай арга ухааныг ашиглавал зөвхөн вирусийн голомтыг устгаад зогсохгүй тухайн хүний хууч болон бусад эрхтэн тогтолцооны өвчлөлийг давхар эдгээнэ шүү дээ. Ямартай ч үүнийг хийх сэтгэлтэй боловсон хүчин нь байна, хэрхэн шийдэх нь харин төр, засгийнхны асуудал. Уг нь, Монголд өөрийн гэсэн анагаах ухаан байдаг, түүнийгээ судалж, мэдсэн боловсон хүчнийг бид “Оточ Манрамба” их сургуульд бэлдсэн нь том давуу тал, бахархал юм.
-Интернэтээс харахад, коронавирусийн халдвар авсан хүмүүс уушгиараа амьсгалах боломжгүй, маш их зовж байна. Тэгж амьсгал нь боогдож олон хоног шаналах зовлон, зовиурыг уламжлалт анагаах ухааны аргаар богиносгох боломж бий гэж эмч хүний хувьд бодох юм. Одоогийн практикаас харахад, эл вирусээр өвчилсөн хүн эмнэлэгт бараг 40 хоног хэвтэн, эмчлүүлж байна. Хэрэв уламжлалтын аргаар эмчилбэл эл хугацаа хамаагүй богиносож, хувь хүний ч, улсын ч эдийн засагт нэмэртэй санагдах юм. Нөгөөтээгүүр, эмчлэгдээд, эдгэрлээ ч уушгиных нь нэлээд хувь хатуурдаг гэж байгаа. Тиймээс уламжлалт анагаах ухааныг ул суурьтай, мэдлэг мэдээлэлтэйгээр дэлгэрүүлэн түгээх нь чухал санагдаж байна.
-Би 1981 оноос хойш хүн эмчиллээ. Өөрийн биеэр хүн эмчилж байсан хүний үг өөр. Эрдэм судлалын ажил хийж, онолын түвшний зүйлийг зөрүү, буруу ярьдаг хүний үг өөр. 70 гаруй жил уламжлалт анагаах ухаанаа газрын гав руу ортол нь үгүйсгэж, устгасан манай нийгэм өнөөдөр төөрөгдөл орсон. Уламжлалт арга ухаандаа итгэл үнэмшилгүй хандаж байна. Монголын уламжлалт анагаах ухаан халдварт болон халдварт бус өвчнүүдийн талаар ямар өндөр түвшинд судалсныг мэдэхгүй байгаа нь харамсалтай. Энэ онолыг сайн судалж, шинжлэх ухааны өнөөгийн арга барилдаа салхи оруулж, буруу үзэл бодлоосоо салах хэрэгтэй гэж хэлье.
Түүнчлэн иргэд, түмэн олон өөрийгөө анхаарах учиртай. Вирус цаанаа өдөөгч мөн чанартай. Энэ талаар бурхны ном, сударт нарийн өгүүлсэн байдаг. Нийгэм өөрөө бохирдохоор нийтийг хамарсан халдварт өвчин дэгддэг, үйл ажиллагаа чинь буруу байна шүү гэдгийг сануулж байгаа хэрэг.
МЭӨ 961-881 оны үед Манла бурхны айлдсан анагаах ухааны сударт болон онол практикийн сурах бичгүүдэд халдварт өвчин, тэдгээрийн ангилал, шинж тэмдгүүд, шалтгаан нөхцөл, хэрхэн оношилж, анагаах, ямар эм тан хэрэглэх зэргээр өргөн дэлгэр бичиж, үлдээсэн байдаг. Бид үүнийгээ л сайн судалж, үр дүнг нь гаргах хэрэгтэй.
-Энэ чинь л манай уламжлалт анагаах ухааны гол философи шүү дээ. Үйлийн үрийн тухай үргэлж бодох ёстой. Ертөнцийг ойлгож, зохицон амьдрах ухаан өнөөдөр их чухал болжээ. Тийм үү, багш аа.
-Өвчин ямар олон шалтгаан, нөхцөлийн үндсэн дээр бий болдгийг өнөө цагийнхан мэдэхээ больжээ. Өвчин үйлийн үртэй холбоотой гэдгийг санах хэрэгтэй. Хэдийд ямар өвчин тусаж, эдгэх, эсэх, үхэх, үгүй нь ч үйлийн үртэй холбоотой. Нүгэл хилэнцтэй хүн өвчинд өртөх магадлал өндөр. Энэ бол үнэний хууль юм. Мөн адын халдварт өвчний талаар ч судар номд дурдсан байдаг. Тийм үед тарни, ном уншиж, сахиус зүү гэхээр үгүйсгэх нь олон. Мэдэхгүй байж үгүйсгэх үзэлтэй болжээ, монгол хүмүүс. Бие, хэл, сэтгэлийн үйлийг яаж хянамгай авч явах тал дээр хүмүүс ерөөсөө анхаарахгүй байна.
Өөр нэг асуудал бол хүмүүс өвчин зовлонгийн үед бурууг эмч, эмнэлгээс хайх юм. Бурууг өөрөөсөө л хайх хэрэгтэй. Эмч, эмнэлгийнхэн тухайн хүнд туслах үүрэгтэй, мэргэжлийн алдаа гаргахгүй байх ёстой. Харин амиа хорлох бүх зүйлийг хүн өөрөө л хийдэг.Тиймээс өөртэйгөө ажиллаж сур. Өнөө цагт маш хүчтэй, хортой эм, антибиотикийг дур мэдэн буюу их хэмжээгээр ууж биеэ хордуулж, өвчнөө архагшуулж байгаа нь нэн харамсалтай. Энэ байдлаа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй.
Монголчууд дөрвөн улиралтай эх оронтойдоо баярлаж, бахархах учиртай. Байгалийн өвөрмөц шинжүүдийг бүгдийг шингээсэн шимт ургамал, эм тан хэрэглэх давуу тал бидэнд бий. Гагцхүү үүнийгээ мэддэг, хэрэглэдэг соёлоо сэргээж, ойлгож, хүндлэх л дутаад байна.
Зөвхөн энэ ч биш, улирлын мөн чанаруудад тохируулан зөв амьдрах нь өвөг дээдсийн, уламжлалт ухааны чухал эрдэм. Хэрэв “Ковид- 19” хавар тархах юм бол нэлээд хөнөөлтэй. Яагаад гэхээр, бүх амьд амьтны биеийн хүч тамир хаврын сүүл, зуны эхэн сард гудайж, доошилдог. Байгаль орчинтойгоо зохицсон мэдлэггүйгээсээ болж орчин цагийн хүмүүс хаврын улиралд илүү ядарч, сульддаг. Өвөг дээдэс минь энэ цаг улиралд хамгийн шим тэжээлтэйгээ хэрэглэж, үүцээ задалдаг байсан нь учиртай.
-10-аад жилийн өмнө H1N1 вируст өвчин тархахад “Манба дацан”-гийн Г.Одонцэцэг доктор манлайлан, хэдэн эмчтэйгээ тасаг нээж, ХӨСҮТ-ийн ачааллаас үүрэлцэн, халдварыг дарахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд хүмүүс уламжлалт анагаах ухаандаа бага ч гэсэн итгэдэг болсон гэж боддог.
-С.Ламбаа сайдын үед шүү дээ, би бас л яаманд асуудал тавьж, уламжлалт анагаах ухааны эмч нараа ажиллуулах саналаа хэлсэн. Сайд ХӨСҮТ-д “Манба дацан”-гийн эмч нарыг ажиллуулах шийдвэр гаргасан. Би зөвлөхөөр, таван эмчтэйгээ ажилласан. Эхлээд өвчинтэй хүмүүсээс нэг хэсгийг нь авсан. Сүүлдээ бүр хамгийн хүнд, сэхээнд байсан өвчтөнийг хүртэл манайхан эдгээсэн. Өдгөө тэдгээр хүний сэтгэгдэл, бидэнтэй хамтран ажилласан ХӨСҮТ-ийнхний болон яамны баримт бичиг энд байж л байна. Тухайн үед ХӨСҮТ-ийн эмч, сувилагчдаас H1N1 вируст өвчний халдвар авсан нь хэд, хэд байсан. Монголын уламжлалт анагаахын эм тан гэж агуу шүү дээ.
-Жирийн иргэд надтай холбогдож, Хятадад уламжлалт аргаар “Ковид-19”-ийг эмчилж байгаа тухай мэдээ, зургийг илгээж байсан юм. Түүнийг харахад бидний өдөр тутмын л хийдэг эмчилгээ юм билээ. Хэрэв эл өвчнийг уламжлалт анагаах аргаараа эдгээчихвэл цаашдаа бид ханиад, томуугаар зүдрэхгүй дээ.
-Тийм шүү, бид “Ковид-19”-ийг эдгээх боломжтой гэж хэлээд байгаа шүү дээ. Манай иргэд хүүхдүүдээ багаас нь эм, антибиотикоор “бөмбөгдсөөр” байгаад дархлааг нь муутгаж, сульдаачихаж байна. Тэгтэл уламжлалт эм тан хэрэглэсэн хүүхэд нь ханиад хүрсэнгүй гэсэн аав, ээж цөөнгүй байдаг.
-Энэ айхтар өвчнөөс урьдчилан сэргийлэхэд юу анхаарах вэ гэж хүмүүс их асууж, аарц, чацарганаа ууж, адууны мах идэж байгаагаа хэлдэг. Гэтэл Цагаан сар өнгөрөөд элэг дэлгэрдэг цаг шүү дээ. Тэгэхээр адууны махыг аарцтай идэж, уух цаг үед мөн үү гэхчлэн мэдэж, суралцмаар зүйл их байх юм. Ер нь урьдчилан сэргийлнэ гэдэг нь сайн унтаж амрах, стресс бухимдалгүй байх, зөв, шимтэй хоол хүнс хэрэглэх гээд олон зүйлээс хамаарна, тийм ээ.
-Өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг нь идээ унд, явдал мөрөө тохируулна гэсэн үг юм. Бие, сэтгэл, хэл ярианы үйлдэл үүнд багтана. Биеийн талдаа улирал, цаг үеэ мэдэж хоол хүнс, хувцас зэргээ зохицуулах. Хэл ярианы явдал мөрөө хичээж, бусдыг муу хэлж, доромжилж, гутаахгүй байх. Байнга сөрөг зүйл ярих нь муу л үр дагавартай. Тэгсэн хэрнээ нэг их энерги, эрч хүчний тухай ярих юм, хүмүүс. Муу зүйл ярьчихаад сайн энергитэй явна гэж байхгүй. Ингээд зөрчилдөөд байх юм. Хэлний гэмээ хорих нь сөрөг зүйлээс сэргийлэх нэг арга.Сэтгэлдээ үргэлж сайхан, өөдрөг зүйл бодож, бодит юмыг үгүйсгэхгүй байх хэрэгтэй. Үйлийн үрийг үгүйсгэх нь өөрийгөө үгүйсгэж байгаатай агаар нэг юм.
-10-аад жилийн өмнө та сургалтын үеэр “Үйлийн үр гэдэг чинь анаад л байж байдаг” гэж ярьсныг би үргэлж санаж явдаг.
-Үнэхээр үйлийн үрийг бодож идээ ундаа, явдал мөр, арван хар нүглийг л тэвчих хэрэгтэй. Юмс бүхэн шүтэн барилдахуйн нарийн холбоо, учиртай. Нэг зүйл тодруулан хэлэхэд, залуучууд, ээж, аав болох гэж буй хүмүүс уламжлалт ухааныхаа талаар нэг удаа номын дуу сонсож, зөвлөгөө авчихвал ихэд хэрэгтэй санагддаг юм. Тэгвэл хүүхдээ хэвлийд байхад нь идээ унд, явдал мөрөө тохируулах, сэтгэл, буянаа хэрхэн сайжруулах, сайхан болгохыг, яаж өөрөөрөө эсэн мэнд, өвдөж, зовохгүй амаржихыг, нярайлсныхаа дараа умайгаа хэрхэн өвчин эмгэггүй байлгах, гамыг хэдий хугацаанд хийх зэргийг мэддэг болно. Яаж аз жаргалтай амьдрах ухаанд ч суралцана гээд өргөн ач тустай.
-Багштайгаа нэлээд өргөн сэдвээр ярилцлаа. Гэхдээ энэ бүхэн эцсийн бүлэгтээ элдэв өвчин, муу зүйлээс өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх, дархлаагаа дэмжих, үүнд Монголын уламжлалт анагаах ухааны ач тус, нөлөөллийн талаар өрнөсөн яриа байлаа. Бидний ярианаас, халдварт өвчнийг анагаах европ онол нь монгол уламжлалт анагаах ухааныхтай дүйж байгааг мэдэж авсан болов уу. Энд нэг зүйлийг онцлоход, манай багш энэ хоёр шинжлэх ухааныг хослуулан хэрэглэхийг төдийлөн таашаадаггүй. Харин ч уламжлалтын онолоороо эдгээж чаддагаа харуулдаг. Та нар битгий хялбарчлаад бай гэдэг юм. Учир нь манай уламжлалт анагаахын философи гүнзгий л дээ. Ямартай ч, “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн үүрэг гүйцэтгэж хүндэлж, хайрладаг багштайгаа ярилцсандаа талархаж байна.
-Наранцэцэг эмчдээ би бас их баярлаж байна. Олон жил эрүүл мэндийн салбарт тууштай зүтгэж, хүмүүст эрүүл энхийн аз жаргал бэлэглэж байгаад нь талархъя. Өөрөө Өрнийн анагаах ухааны сургууль төгссөн хэрнээ Дорнын ухааныг судалж, арга, билгийг хослуулж байгаа нь үнэхээр сайшаалтай. Цаашдаа үүнийгээ эгнэгт хөгжүүлээд, уламжлалт анагаах ухааны мэдлэгээ олон хүнд түгээж, сургаарай хэмээн ерөөе.
Сэтгэгдэл хаагдсан.