Хамба лам Д.Нацагдорж нутгийн зон олонтойгоо нийлж Бодь суварга бүтээлээ
Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам Д.Нацагдорж долдугаар сарын 10-15-ны хооронд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, сүсэгтэн олныхоо хүсэлтээр, өөрийнхөө сүжиг буянаар сумынхаа ард иргэдтэй нийлж, Бодь суваргыг бүтээн, Бурхан Гончогсүмийг тахиж, лус савдгийг аргадан баясгаж буяны агуу их үйлсийг бүтээлээ.
Хамба лам Д.Нацагдорж санаачлан нутгийн зон олонтойгоо хамтарч 2012 онд сумынхаа 60 жилийн ойд зориулан цагаан гантиг чулуугаар найман Манла бурханыг бүтээлгэн залсан. Үүнээс хойш Цагаанчулуут сум ган зудгүй, өвс ногооны гарц ойр хавийн сумдаас илүү байсан бөгөөд үүнийг найман Манла бурханы ач буян гэж Цагаанчулуутынхан үзэж, талархаж, сүсэглэж явдаг тухай Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд нутгийн зөвлөлийн золголтын үеэр хэлж байсан юм.
Энэ удаад Бодь суваргыг бүтээснээр Цагаанчулуут суманд найман Манла бурхан, Дүнчүүр маанийн хүрд, Бодь суварга бүхий Гүсэнтүгийн цогцолбор бүрэн байгуулагдлаа.
Ч.Болд: Хамба лам маань хур бороо оруулдаг ном, увидасаа хийж өгсөн даруйд нутаг оронд маань бороо хур орж сайхан боллоо
-Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд:
Энэ жил нутаг оронд маань сайхан зун болж байгаа ч сүүлдээ нэлээд халж, гандуу байна. Улаанбаатар хотоос Манба Дацан хийдийн тэргүүн Хамба лам Д.Нацагдорж багшийгаа урилаа. Хамба лам маань энэ жил нутгийн зон олонтойгоо нийлж Бодь суварга бүтээлээ. Бид энэ сайхан үйлсэд оролцож, наадмын өдрүүдийг буян ном хийж өнгөрөөлөө. Хамба лам маань ирсэнээр нутаг орныхоо хүмүүсийг үзэж, эмчилгээ зөвлөгөө өгөхөөс гадна бидний хүсэлтийг хүлээн авч Цагаанчулуут болоод Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт ихэд гандуу халуун байна хэмээн хур бороо оруулдаг ном, увидасаа хийж өгсөн даруйд нутаг оронд маань бороо хур орж сайхан боллоо. Хамба лам маань олон жилийн тэртээгээс нутаг орноо хэмээн олон зүйлд тусалж ирсэн. Өмнө нь Хамба лам сум орондоо ирж олон удаа хур бороо оруулж, манай сумын зарим булаг шанд хатаж, үгүй болсон байсныг ном уншиснаар ширгэсэн булаг шанд нь дэлгэрч одоог хүртэл олон түмнийг ундаалж байдагт талархдаг юм. Хамба ламыг бороо хур оруулж олон түмэнд тусалж жинхэнэ бодьсадвын явдал хийж явдагийг бид бас ойлгож, хүндэтгэж байдаг. Энэ удаад ч гэсэн нутаг орондоо ихэд тус хүргэлээ. Бид сумынхаа 60 жилийн ойгоор цагаан гантиг чулуугаар бүтээж аравнайлсан найман Их Манла, мөн нутгийн иргэн Гомбосүрэнгийн бүтээсэн Дүнчүүр маанийн хүрд энэхүү Бодь суварга тэргүүтэнд хандив өргөж, Хамба ламтайгаа нийлж буян хийснээр сүүлийн олон жил манай сум орон их сайхан өнөтэй өвөл зуныг өнгөрөөдөг болсон. Энэ удаад Хамба лам маань мөн Манла бурханы номыг сүсэгтнүүдэд айлдаж, утга учрыг нь тайлбарлаж өглөө.
Хамба лам маань нутаг оронд цаг агаар дэлгэр сайхан байх нь тухайн нутагт амьдарч байгаа хүмүүсийн буянаас ихээхэн хамааралтай байдаг тул буяныг сайн үйлд, нүгэлийг тэвч хэмээн бидэнд зөвлөдөг. Бид ч бас хичээж байгаа. Сая ирээд Завхан гол, Гүүт, Хөх хоног, Хошуувч бэйсийн нутаг орны алдартай уул ус, гол мөрнийг дурдаж, дээрх газруудаар явж хур бороо оруулдаг ном увидасаа хайрласнаас гадна Завхан, Говь-Алтай, Баянхонгор зэрэг газруудын нэрийг дурдаж уншиж байсан нь бидэнд сайхан санагдсан.
Хамба лам Д.Нацагдорж: Бидний хийсэн энэхүү буян цаг үргэлжид сайн сайхныг дагуулах болно
-Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдорж:
Би төрсөн нутаг Цагаанчулуут сумандаа ирээд сумынхаа ард олонтой нийлж Бодь суваргыг бүтээж заллаа. Манай сум одоо найман Манла бурхан, Дүнчүүр маанийн хүрд, Бодь суваргатай болж Гүсэнтүгийн цогцолбор бүрэн буй болсонд нутгийн олон түмэн, сүсэгтэн, өглөгийн эзэд та бүхэнд баярлаж, талархаж байна. Бидний хийсэн энэхүү буян цаг үргэлжид сайн сайхныг дагуулах бөгөөд хожим хойно бурханы хутгийг олох сайхан буяныг хамтдаа бүтээв.
Энэ жил нутаг маань сүүлийн сард нэлээд их халж /30-35 градус хүрч/, их гандуу байна. Бурхан Гончогсүмийн үүднээс хур бороо хайрлах, ард түмэн амар амгалантай байх, эрүүл энх, эрдэм номтой, эд агуурсаар дорвилог байх буян ном айлдлаа. Үр дүн нь гарцаагүй буй болж дэлгэрнэ ээ. Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд, Иргэдийн хурлын дарга Баярмагнай, Д.Батбаяр, н.Батбаяр болон сүсэгтэн та бүхэн наадмын амралтынхаа цаг үеэр сэтгэл гаргаж олны тусад буян үйлдсэнд талархаж байна. Олны буяныг хүртэж байгаа бусад хүмүүс ч гэсэн буян ном хийж сэтгэлээ ариусгаж хамтарч ажиллаж, сайн үйлсийг үйлдэж байхыг сануулъя.
Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Цагаанчулуут сумын Засаг дарга Ч.Болд нар маань энэхүү Манла бурханы цогцолборыг соёлын өв санд бүртгэн авч, харуул хамгаалалттай болгоно гэсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Ер нь монголд олон лам хуврагууд, хутагт хувилгаадууд байдаг боловч дээдийн номыг уншиж буян үйлдэхээс гадна лус савдгийг аргадаж, хүн хийгээд адгуус амьтдыг ган гачиг, зуд тэргүүтэн байгалийн гай гамшгаас хамгаалах ном буяныг үйлдэх үүрэгтэй байтал төдийлөн тэгж чаддаггүй нь харамсалтай байна. Тиймээс орон нутагт тодорсон хутагт хувилгаад, лам хуврагууд ямар нэгэн аргаар амьтны тусыг сайтар бүтээх хэрэгтэй. Түүнээс нэр зүүж өөрсдийгөө ихэд бодох нь дээдийн номтой харшилдагийг бодож үзэх хэрэгтэй цаг үе байна. Амьтны тусад бодит үйл явдлуудыг хийж үр дүнг нь сайтар гаргаж олон түмнийг жаргаах үүрэг хүлээснээ умартаж болохгүй.
Сэтгэгдэл хаагдсан.