Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Анагаах ухааны магистрын эрдмийн зэрэг хүртэж байгаа нийт төгсөгчиддөө Оточ Манрамба Их сургуулийн хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэе. ОМИС-ийн Эрдмийн зөвлөл, магиструуд та бүхэн өнөөдөр хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн эрдмийн баяраа тэмдэглэж байна. ОМИС-ийг төгсөн, магистрын зэрэг хамгаална гэдэг маш хүнд даваа. Өнөөдөр энэ хүнд давааг амжилттай давсан 44 магистрдаа амжилт хүсье. Мөн манай сургуульд гадаадаас нэр хүндтэй эмч нар ирж суралцан, магистрын зэрэг хамгаалж байгаад бид бүхэн баяртай байна. Тэдний нэг бол өнөөдөр магистрын зэрэг, дипломоо гардан авсан Өвөрмонголын эмч Д.Бүрэнтогтох юм. Би 27 жилийн өмнө Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба Дацан, Оточ Манрамба Их сургуулийг анх байгуулж байхдаа “Хожим энэ газраас олон эрдэмтэн мэргэд төрөн гарна” гэж хэлж байсан нь өнөөдөр биелэлээ олж байна. Та бүхэн эрдмийн ажлаа цаашид үргэлжлүүлэн, хожмын нэг өдөр докторын зэргээ амжилттай хамгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ онд манай Оточ Манрамба Их сургууль дээр түшиглэн Уламжлалт анагаах ухаанаар докторын ажил хамгаалуулах зөвлөлийг байгуулж, төр засаг их итгэл хүлээлгэсэн. Тиймээс та бүхний цаашдын эрдмийн ажилд амжилт хүсье” гэсэн юм.
Анагаах ухааны магистрын зэрэг олгох ёслолын ажиллагааны үеэр төгсөгчдийнхөө ирээдүйн ажил үйлсийг даатган Манба Дацан хийдийн лам нар Гүсүнтүгийн мандал өргөлөө. Мөн төгсөгчдийг төлөөлж АУ-ы магистр Ч.Болдбаатар, Б.Болорчимэг нар эрдэмтэн багш нар, төгсөгчиддөө хандан үг хэлсэн юм. Тэд Оточ Манрамба Их сургуульд суралцан магистрын зэрэг хамгаалж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, магистрантурын сургалтын туршид өндөр мэдлэг боловсролыг олгосон багш нартаа талархаж байгаагаа илэрхийллээ.
Өнөөдөр Анагаах ухааны магистр хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн нийт төгсөгчиддөө баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье. Анагаах ухааны ариун үйлс арван зүгтээ түгэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл хаагдсан.