Бенжамин Жонс: Хамба лам Д.Нацагдоржийн тухай сонсоод гайхамшигтай кино хийх санаа төрсөн

This post is also available in: enEnglish

Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, бариа засалч, эрдэмтэн Константин Павлидис нар Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийх саналыг тавьсан юм. Энэ дагуу Бенжамин Жонс, Константин Павлидис нар өнгөрөгч арванхоёрдугаар сард Монголд айлчлан ирж, Д.Нацагдорж хамба ламтай уулзан, киногоо хэрхэн хийх талаар ярилцаад буцсан. Баримтат киногоороо алдартай найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээхээр зорьж байгаа бөгөөд энэхүү цуврал уран бүтээлийнхээ хүрээнд Д.Нацагдорж хамба ламын тухай хөрөг баримтат кино бүтээх аж. Кино багийнхан манай улсад хоёрдугаар сарын 23-нд ирж, зураг авалтаа нэг сарын турш хийх юм.

Кино найруулагч, продюсер Бенжамин Жонс 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоороо, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоороо тус тус хүртсэн байна. Харин Константин Павлидисийн хувьд сүүлийн 40 гаруй жил бариа засал, уламжлалт анагаах ухаан, уламжлалт ёс, эрдэм шинжилгээ судалгааны болон урлагийн салбарт ажиллаж байгаа бөгөөд Д.Нацагдорж хамба ламын тухай баримтат кинонд туслах найруулагчаар ажиллахаар болжээ.
Монгол хүний тухай, монголын соёл, ёс заншил, уламжлал, уламжлалт анагаах ухаан, буддын шашны тухай баримтат кино хийх болсон нь бахархам үйл явдал бөгөөд монголыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, уламжлалт анагаах ухааныг дэлхийд түгээх том боломж болж байна.

Кино найруулагч, продюсер Бенжамин Жонсыг өнгөрөгч арванхоёрдугаар сард Монголд ирэхэд нь уулзаж ярилцсанаа хүргэе.

-Та Монголд анх удаа ирж байна уу, ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би Монгол Улсад анх удаа ирж байна. Гэхдээ би танай орныг үргэлж сонирхож, зочлон ирж, баримтат кино хийхийг мөрөөддөг байсан. Би дэлхийн англи хэлээр ярьдаг Цыганчуудын дунд “Аялагч” нэрээр танигдсан, нүүдэлчин амьдралаар тэдэнтэй хамт амьдардаг Чингис Хааны отгон хүү Тулуйн дүр гардаг киног хийсэн. Тулуйн дүрд миний сайн найз Кан Вонфилс тоглож байсан юм. Би энэ удаад хэдий богино хугацаанд ирж ажилласан ч судалгаа хийж, Монголчуудын амьдрал, соёлын талаар зарим зүйлийг сурч авсандаа баяртай байна. Танай оронд зочилсон минь олон зүйлийг амьдралд ойртуулж өглөө. Цаашид ч суралцах юм их байна. Монгол орны агуу баялаг соёл нь надад маш сонирхолтой санагдлаа.

-Д.Нацагдорж хамба ламын тухай баримтат кино хийх зорилготой ирсэн. Яагаад Д.Нацагдорж хамба ламын тухай кино хийхээр болов?

-Бид “Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” нэртэй “Feature” баримтат киноны цувралуудыг бүтээж байгаа. Хамгийн анхны кино нь “Uncle Max Dulumunmun of the Yuin Nation” хэмээх нэртэй Австралийн уугуул иргэн ахмад настны тухай кино байсан. Кино тус бүр ард түмнийхээ соёл болон гэгээрлийг өндөр түвшинд өвлөн хадгалж, түгээдэг, өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд гүүр болдог чухал нэгний хөрөг нэвтрүүлэг болдог. Д.Нацагдорж Хамба лам бол алдартай соён гэгээрүүлэгч. Тиймээс түүний талаар сонсоод гайхамшигтай кино хийе гэсэн санаа төрсөн.

-Д.Нацагдорж хамба ламын тухай анх яаж мэдсэн бэ?


-Нөлөө бүхий хүмүүсийн талаар кино хийхээр ярилцаж байтал миний хамтрагч Константин Павлидис Д.Нацагдорж хамба ламын талаар зарим мэдээлэл өгсөн юм. Константин киноны хамтарсан продюссероор ажиллах юм. Тэрбээр Д.Нацагдорж хамба ламыг 10-аад жилийн өмнө Лондонд зочилж байхад нь анх танилцсан юм билээ. Дараа нь Константин эхнэрийнхээ хамт Монгол Улсад ирж байсан. Түүний Хамба ламын талаар надад ярьсан нь миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг минь маш их татсан.

-Монголын алдартай чухал хүний хөрөг кино хийж байгаа нь өөрөө маш том ач холбогдолтой. Үүнээс гадна киногоороо ямар зүйл харуулж, юуг ойлгуулахыг хүсч байна вэ?

-Энэхүү баримтат киногоор Д.Нацагдорж хамба ламын амьдрал, ажлын бодит тусгалаар дамжуулан олон зүйлийг үзүүлэх болно. Мөн Хамба ламын амьдрал, ажилтай холбоотой хүмүүсийг оролцуулна. Хамба ламын нүдээр соёлын олон үйл ажиллагаа, уламжлалыг харж, тэдгээрийн гэрч болно. Бид Хамба ламын төрсөн нутагт зочилж, нүүдэлчин хүмүүстэй уулзаж, тэдний аж байдлыг кинондоо тусгахыг зорьж байгаа.

-Таныг баримтат киноныхоо төрөлд маш мундаг найруулагч гэж сонсч байсан. Та бусад орны, гадаадын хүмүүсийн тухай хэр олон баримтат кино бүтээв?

-Би сайхан төгсгөлтэй баримтат болон драмын чиглэлийн кино хийхийг зорьдог. Би өөрийн эх орон Англи Улсдаа олон тооны баримтат кино хийсэн. Мөн гадаад оронд хэд хэдэн баримтат кино хийсэн. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай “The Nihang”, Бүгд Найрамдах Куба Улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” гэсэн баримтат кинонуудыг бүтээсэн. Хамгийн их амжилт авчирсан кино маань Мексик Улсад бүтээсэн “The Huichols” гэдэг ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино юм. “Nuestro Abuelo” нэртэй кино маань Мексик Улсад өндөр үнэлгээ авч, Кубын Хавана хот, Лондон болон бусад оронд зохиогддог кино фестивальд оролцсон. Би Британийн Музей зэрэг нэр хүндтэй соёлын байгуулагуудад өөрийн бүтээсэн киногоо танилцуулаад байгаа.

-Д.Нацагдорж хамба ламын тухай кино хийхэд өөр түүх соёлтой Монгол Улсын тухай, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, буддын шашны тухай үзүүлж таарна. Энэ талаар та ямар төсөөлөл байна вэ. Та уламжлалт анагаах ухаан, буддын шашны талаар ямар ойлголт, мэдлэгтэй вэ?

-Манба Дацан хийд, Манба Дацан эмнэлэг, эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их сургуулийн үйл ажиллагаа хоорондоо уялдаж байгааг баримтат кинондоо шигтгэж өгнө. Буддын ном, тарни, ургамлын гаралтай эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ зэргийг өвчтөн тус бүрд тохируулан хэрэглэж байгаа нь үнэхээр чухал санагдсан. Энэ эмчилгээний зарчмыг би маш ховор зүйл гэж бодож байна. Тиймээс энэ бүх үйл ажиллагааг тал талаас нь харуулж, хүмүүс хэрхэн яаж Д.Нацагдорж хамба ламын ховор авьяас, билиг оюун, уламжлалт анагаах ухааны ач тусыг хүртэж байгааг киногоор харуулан нийтэд хүргэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл хаагдсан.