Намтар

This post is also available in: enEnglishruРусскийzh-hans简体中文

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛД МАНБА ДАЦАНГУУД ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖЭЭ

Монголчууд уламжлалт анагаах ухааныг Бурхан багшийн эрэн үеэс хойш өнөөдрийг хүртэл 2970 гаруй жил онол, шүнтэй нь уламжилж ирсэн бөгөөд Манба Дацангуудыг байгуулах замаар тус анагаах ухааныг бурханы шашны нэг салбар болгон хөгжүүлжээ. Энэ үйл ажиллагаа нь Монголын уламжлалт анагаах ухааны түүхэнд нэгэн том үеийг бий болгосон байдаг. “Манба” гэдэг нь эмч гэсэн утгатай түвд үг бол “Дацан” гэдэг нь хурал ном хийд буюу сургалт эрдмийн газар гэсэн утгатай үг юм.

Манба Дацангуудад эмч нарыг бэлдэх үйл ажиллагааг өнөөгийн сургалтын хөтөлбөртэй маш ойролцоогоор явуулдаг байжээ. Эмч нарыг нь Манба дүйрава, Манба гавж, Манрамба, Бумравжамба гэсэн дөрвөн чиглэлээр бэлдэж байсан байна. Маарамба гэдгийн уг үндэс нь Манрамба гэх үг боловч монголчууд ийнхүү Маарамба гэж нэрлэж заншжээ. Судалгаанаас үзэхэд монголд 250-иад Манба Дацан үйл ажиллагаагаа явуулж байснаас голдуу Манрамба, Манба гавж, Манба дүйраваг бэлтгэж, маш өндөр шалгуураар Маарамба, Бумравжамба гэсэн эмч нарыг бэлтгэж байсан аж.

Маарамба болон Бумравжамбаг орон нутгийн эмч нарын дундаас шалгаруулан хошуу нутагт дамжаа бариулан бэлтгэдэг байжээ. Ингэхдээ тухайн эмч нарыг хурал номоос нь чөлөөлж, тусгайлан бэлтгэдэг байсан байна. Тиймээс Монголын бүх эмч нар Маарамба байгаагүйгээс гадна маарамбын дамжааг дүүргэж, Маарамба хэмээх эрдмийн зэрэг хамгаалдаг байсан аж. Энэ бүгдээс харахад Манба Дацангийн сургалтын тогтолцоо хэдийн бэхжиж, ямар эмчийг хэрхэн бэлдэж, ямар үе шаттай сургалт явуулах вэ гэдэг нь тодорхой байсан бөгөөд сургалтын нарийн жаяг, хөтөлбөр, дэглэмтэй хөгжиж ирсэн түүхтэй.

Манба Дацангуудад ажиллаж байсан эмч нар анагаах ухааны номыг таван настайгаасаа хойш насан өтөл болтлоо сурч, судалж байсан учраас Монголын эмч нарын анагаах ухааны мэдлэг маш өндөр байсан. Үүнийг тухайн үед эмчлүүлж байсан ард түмний өвчин эмгэгтэй тэмцэж байсан олон түүх баримтууд харуулдаг юм. Нөгөө талаараа монголчууд Азийн бусад орнуудад монгол анагаах ухааны нэр хүндийг маш өндөрт гаргасан нь түүхэн баримтуудад олон бий. Тиймээс монгол эмч нарын нэр алдар Азид тэр дундаа Хятад, Түвд, Ладак, Сиким, Бутан, Непал зэрэг орнуудад түгэж, түүхэн хуудсанд үлдсэн байдаг.

Манба дацангууд өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг монголд хамгийн сайн нэвтрүүлсэн гэж үзэж болох юм. Тухай үеийн эмч нар орон нутгийнхаа хүмүүсийг удам угсаагаар нь мэддэг, эрүүл мэндийг нь анхааран хянаж, удмын өвчинг нь хүртэл маш сайн мэддэг байсан аж. Тухайн үеийн оточ, маарамбууд өвчнөөс хэрхэн сэргийлэх арга барилыг ард иргэдийн оюун санаанд бүрэн суулгаж өгсөнөөс гадна уламжлалт анагаах ухааны онол шүн, эмчилгээ ард түмэнд нийцдэг, түүнд итгэдэг байсан гэж хэлж болно.

Тиймээс ч тэд эрүүл зөв амьдрах арга барилд суралцан, эрүүл мэнддээ анхаардаг байсан аж. Уламжлалт анагаах ухааны эмч, оточ, маарамбууд ард иргэдийг олон зууны турш эрүүл орших ухаанд сургаж байсан. Гэвч өнгөрсөн 100-гаад жилийн дотор эрүүл орших ухааныг алдагдуулснаас болж өнөөгийн хүн амын өвчлөл өндөр болсон гэхэд буруудахгүй. Тиймээс уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээний давуу талыг судалж, зөв амьдрах ухаанд ард түмнийг сургахад төр засаг анхаарах хэрэгтэй гэдгийг уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн мэргэд, эмч мэргэжилтнүүд онцолдог юм.