Хамба лам Д.Нацагдорж: Осол аюулгүйн өглөг өгч буй хүмүүс хилчид юм

This post is also available in: enEnglish

“ Эх орны манаа сонин” 2013.02.07
Сэтгүүлч Б.Алтанцэцэг

Ариун арц хүжний үнэр ханхийнэ… Цахар багшийн намтар, Богд Жавзандамба хутагт, Оксфордын толь зэрэг номууд нүдэнд тусна. Нэрийг нь уншиж үл тайлах түвд ном судрууд ч олон. Гуулин шаргал сангийн бойпор, догшин ширүүн Гүнгэрваа бурхад, алтан луун эмжээрт аяга, ваар дүүрэн тогосны өд энэ бүхэн “баян тансаг” өрөөний өчүүхэн зураглал. Уншиж буй бололтой орхисон судар миний өмнө дэлгээстэй…
Энэ бүхэн дугаарын зочин маань ямархан хүн болохыг илтгэх миний толинд туссан тусгал юм. Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн өмнөхөн Манба дацан хийдийн тэргүүн хамба лам, Оточ Манрамба дээд сургуулийн захирал Д.Нацагдоржтой уулзлаа. Тэрбээр энэ жилийн өнгө төрхийг тольдон буулгаснаас гадна, хилчдэд онцгойлон сэтгэлийн айлдвар айлтгасан юм.

-Танай хийдийн үүдээр орохтой зэрэгцэн хэрээ дуугарав. Би үдээс өмнө хэрээ нь Гомбо бурханы элч хэлийг дуулгадаг юм гэнэ билээ хэмээн дотроо бэлгэшээв. Та бидний дунд өрнөх ярилцлага үйлс төгөлдөр сайхан бүтэх нь гэж дотроо бодсоор босгыг тань давлаа?
-Таньтай болон өөрөөр тань дамжуулан эх орныхоо дархан хилийг хамгаалж буй нийт хилчидтэй, тэдний аав, ээжүүд, залуучууд, үр хүүхдүүдтэй уулзаж буйд баяртай байна. Хилчид бидний амь нас, амар амгалан оршин тогтнох бүх л үйлийг хариуцаж буй эрэлхэг зоригтой, ухаалаг хүмүүс. Би залбирдаг. Монголын хил амар амгалан байна гэдэг монголчуудын буян заяаны үйл юм. Хязгаар нутагт, цаг агаарын хүнд нөхцөлд, түмэн бэрхшээлийг эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр ёсчлон биелүүлж яваа та бүхнээр бахархахгүй байхын аргагүй. Хил ариунтай байна гэдэг зон олон бидэнд маш чухал. Монголын хилчдийг бурханы номын үүднээс авч үзвэл осол аюулгүйн өглөг өгдөг, буян ихээр үйлдэж буй бурханы элчүүд юм хэмээн залбирч, та бүхний үйлд даган баясаж явдаг. Дулаан бүлээн газарт, зөөлөн суудалд шигдэх дуртай хүмүүс байдаг даа. Харин хилчид тийм хүмүүс биш. Монголын хилийн бүх хэсгээр явж үзээгүй ч сэтгэлдээ төсөөлөн байна. Гангийн халуун наран, тэсгим хүйтэнд ч ажиллаж буй та нарыгаа бид дурсаж бахархаж байх ёстой. Нүдэнд харагдахгүй ч бай хилчдийнхээ нөр их хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Тэр хүмүүсийнхээ төлөө буян хийж байгаасай гэж Монголчууддаа хэлэхийг хүсч байна. Монголын хилчдийн хийморь лундаа, цог золбоо өөдрөг байж та бүгдийн санасан бодсон ажил үйлс цаг үргэлжид дэлгэрч байхын ерөөл өргөе.
-Гялайлаа. Нээрээ ч хилчдэд энэ нутгаа гэсэн чин зүрх сэтгэлийн хандлагаар эх орноо манадаг?
– Эх орныхоо төлөө гэсэн сэтгэл таньд байдаг бол бурхан бодьсадвагийн ариун явдал тэр болно. Аль ч хилийн заставт даарч хөрөх, халууцах, ангаж, цангахыг умартан ажиллаж буй хилчин та миний энэхүү үгийг сайн санаж яваарай. Олны тусын тулд өнөөдөр би хилээ манан зогсоно гэж бодох аваас таны буян хязгааргүй арвижна. Таны үйлс бүтнэ. Хэдэн мянган жилийн турш хилчид амь нас хайргүй тэмцэж, ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Онгон дагшин газар орноо хүн ардтай нь хайрлаж, хамгаалж ирсэн агуу үйлстэй. Харин энэ үйлсээрээ байнга бахархаж яваарай. Хилчид та бүхний дуранд Монголын үзэсгэлэнт байгаль ямар сайхан харагддаг бол. Уул, ус нь хилчидтэй нөхөр нь болчихсон. Уулын чулуу хөдөлснийг, өнгө төрх нь хэрхэн хувирсныг та нар хэрсүү ажиглана. Агуу цэлгэр нутагтаа, арван зүг рүү хараа сунган Монголынхоо дархан хил хязгаар, ард түмнээ сэтгэл оюундаа толидон суугаа та нараараа үнэхээр бахархахгүй байхын аргагүй. Сар шинийн өмнөхөн танай сониноор дамжуулан хилчид та бүхэнтэйгээ уулзаж буйдаа ч баяртай байна.
-Хил, хилчдийнхээ тухай би зураглан буулгах болов уу гэтэл та үнэхээр сайхан дүрсэллээ. Та Завхан нутгийн хүн. Хил, хилчдийн минь амьдралын гүнийг мэддэг бололтой. Магадгүй нутаг устай тань холбоотой юу?
-Би номын ухаанаар та бүхний хийж буй ажлыг ойлгодог. Миний хувьд зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд бүгдийг оюундаа болгоон бодож дээдийн номыг уншиж залбирахад Монгол Улс, хил, хилчид ч маань ч багтдаг. Эмч хүнийхээ хувьд өнөөдөр эмнэлэгт шаналж хэвтээ, хагалгаанд орж буй хүн бүхэн амьд үлдэхийн төлөө байгаа гэдгийг ч сайтар бодож залбирдаг. Хагалгааны эмч ч амь насыг нь аврах гэж, гадна залбиран сууж буй ар гэрийнхэн ч эдгээд босоод ирээсэй гэж хүсч суугаа. Ер энэ мэтчилэн олон зүйлийг боддог учраас сэтгэлд ургасан бодлоо та бүхэнтэй хуваалцаж байна. Түүнээс хилийн заставаар орж байсангүй. Өмнөд, хойд хилээр цөөн хэдэн удаа орж, гарч байсан тохиолдол бий. Монголын хилээр орлоо, гарлаа гэж бодоход л сэтгэлд олон бодол эргэлддэг. Эх орноо төдийлөн боддоггүй хүн бол орж л байдаг, гарч байдаг гэх байх. Агуу дагшин орны хөрс шороо нь хүртэл өөрийн гэсэн үнэртэй. Үнэ цэнэтэй, нандин, хайрламаар эрдэнэ юм даа. Шороо тусгай үнэртэй гэхээр намайг зарим нь ойлгохгүй бий. Замбуулингийн аль ч орны хөрс шорооноос хамгийн цэвэр ариун, байгалийн таван махбодийг мөн чанарыг агуулж хадгалсан нь ганцхан Монголынх. Тиймээс дахин хэлэхэд хилчин таныг эх орноо харуулдан зогсоход чинь би хамт байгаа шүү. Номын хүчээр уулзаж байдаг шүү гэж хэлье.
-Нээрэн л та бид эх орноо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр яг одоо холбогдож байна?
-Та хэсэг газрыг харж хамгаалсаар түүндээ дасан зохицож магадгүй. Байдаг л юм байрандаа байна хэмээн харж болзошгүй. Үгүй. Байгаль дөрвөн улиралд өнгө өнгөөр солигдон, зургаагаас доошгүй өөрчлөгдөн хувьсаж байдаг. Харин та түүнийг хамгийн түрүүнд мэдэрдэг буян заяатай хүн. Өнөөдрийн хүүхдүүд энэ сайхан байгалийн өнгийг мэдрэхгүй өсч байна. Харин та ямар сайхан өнгө бүрэлдсэнийг, үнэрийг нь хүртэл мэдэрч байгаа шүү дээ. Би энэ газар, хил дээрээ байсаар л гэж бүү гуниглаарай. Би жижигхэн энэ байшинд хэдэн жил болно доо гэж бүү бод. Та дөрвөн зүг, найман зовхистоо, дээшээ доошоо бүх чигт зорчиж чаддаг хүн учраас цухалдалгүй хязгааргүйн уудам нутаг шигээ та тайван бай. Энэ их хотын орчинд бид хязгаарлагдмал, чөлөөтэй зорчиж чадахгүй байна. Та харин ч хувь тавилантай хүн. Бид байгаль дэлхийдээ өлгийдүүлэн өссөн. Тиймээс хилийнхээ онгон дагшин байгальдаа уусч, харж хамгаалж буй дээдийн буянтай хүмүүс.
-Замбуулин хөгжиж, хувьсаж байна. Гэтэл үүнийгээ дагаад онгон дагшин байгаль дэлхийгээсээ холдсоор. Харин хүн байгаль ээждээ илүү ойр байж түүгээрээ бахархаж, мэдэрч амьдрах нь маш гүн гүнзгий агуулгыг шингээн, бидэнд мэдээлэл өгч байдаг гэж үү?
-Хавар цаг ирж, цас цоохортож байгаа нь байгалийн нэг өнгө. Энэ байдлыг зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч хүн маш сайхан өнгөөр буулгах нь гарцаагүй. Харин яг бодитоор нь сэтгэлдээ зураглаж байгаа нь хилчин та билээ. Байгалийн нандин мөн чанарын өнгө аясыг та мэдэрч чадаж байгаагаар л би бахархаад байгаа юм шүү дээ.
-Тэгэхээр усан могой жилийн өмнөхөн та бидний яриа таны номын их өргөөнд өрнөж байна. Ирж буй Тийн ялгуусан гэх усан могой жилийн өнгө төрх зурхайд хэрхэн бууж байгаа юм бол?
-Амны билгээс ашдын билэг гэдэг. Монголын ард түмэн ирж буй жилийг өөдрөг хүлээж авах хэрэгтэй. Сар шинийн өдрүүдэд Монгол Улс, ажил үйлс, аав ээж, хань ижил, үр хүүхдийнхээ төлөө зөв сайхан үзэл бодлоор хандан ном уншуулж буянаа даатгуул. Сайхан байлгахын төлөө тодорхой буян номыг хий. Энэ жил баян хангай гандуу байх төлөв бий. Тиймээс ард түмэн та нар минь байгаль дэлхий сайн сайхан байгаарай, лус савдгууд хур бороогоо хайрлаарай хэмээн ерөөн хүсээрэй. Олон хүний ерөөл буян хүчтэй. Харин хүн бүр хичээх хэрэгтэй. Онцгойлон засалтай хэдэн жилийн өнгө төрхийг хэлж өгье. 37-ны жил мэнгэ голлож байгаа. Мэнгэ голлож байгаа хүмүүс мэнгэний заслаа сайн хийлгээрэй. Таван шар мэнгэтэй хүмүүст ингэж захья. Мөн 9, 21, 33, 45, 57, 69, 81 настай, тахиа жилтэй хүмүүст гүймиг гэх зурхайн сөрөг үр дагавартай хэмнэл таарч байна. Тиймээс гүймигийн засал болох Нанжад, Жанаггагдог, Цагааншүхэрт, Дашзэгвэ гэх номыг сайн уншуул. Гахай жилтэй хүмүүст дүнсэр гэж долоогоор өнцөгдөх зурхайн гараг эрхсийн нөлөөлөл учирна. Дүнсэрээ засуулахдаа Жанцанзэмүүбүнжин, Цэнд-Аюуш гэх номыг сайн уншуул. Мөн өвднө, үхнэ, хүүр болно гэх гурван муу утгатай засал бий. Найман суудлын гурван суудлыг дагаж таардаг гэсэн үг. Энэ таарвал Нашдүрсмийн заслыг сайн хийлгэ. Мич, хулгана жилтэй хүмүүс бас онцгойлон засалтай байгаа. Төмөр суудал дээр суусан хэн ч заслаа анхаарч сайтар хийлгээрэй. Унаж гэмтэх, осол аваар, хэл ам, хулгай зэлгий зэрэг муу үр дагавар дагаж байна. Цагааншүхэрт, Хамчиннаваг, Дорждэрэм зэрэг номуудыг уншуул. 9,10,11 гурван сард сайтар болгоомжтой байх хэрэгтэй. Энэ мэтчилэн зурхайн сөрөг үр дагавартай хүмүүс заслаа хийлгээрэй. Энэ нь таныг урт наслуулж, удаан жаргаах гэсэн буяны үйл юм шүү. Гараг эрхсийн нөлөөлөл маш хүчтэй нөлөөлдөг. Өнгөрсөн хойно нь одоо яах билээ гэхийн оронд урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тиймээс хилчиддээ тусгайлан тарни хэлж өгье. Та бүхэн аль болох тарнийн тоог сайн ахиулах хэрэгтэй. Үр хүүхэддээ зааж өгөөрэй. Монголын бүх хилчдэд адис жинлав нь орших болтугай. Тарнийг амьдралдаа хэрэглэж, тус эрдмийг нь хүртэх болтугай. Тарнийг уншсанаар энэ амьдралдаа болон хожим нь та сайн төрлийг олох болно. Энэ тарнийг уншиж байхад олон сахиус бурхад таны хажууд морилон заларч, таныг хамгаалах болно.
Итгэл:
Лама ла жавсү чио
Санжай ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэдүн ла жавсү чио
Манла бурханы мөргөл:
Цанлэг, Рэнчэн, Сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло
Манлын тарни:
Дадята ум вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха
Цэбагмэд бурханы мөргөл:
Жигдэн дэнби зово Цэбагмэд
Дүй мин чива малуй жом зад жин
Гон мэд дугнал жүрва намжи жав
Санжай Цэбагмэд ла чагцал ло
Цэбагмэд бурханы тарни:
Ум ама рани зиван ди еи суха
Манзушир бурханы мөргөл:
Жамби, янла, чагцал, ло
Манзушир бурханы тарни:
Ум ара база нади
Очирваань бурханы мөргөл, тарни:
Жонло, жанжий, найчог, дамба, най
Санаг, ригаг , гүнжи, дагва, дэ
Лэгдэн, гэгжи, цогнам, жомзад, ви
Жомдан, доржэ, зинла, чагцалло
Ум, базар, вани, хум, пад
Оюун ухааныг сайжруулах тарни:
Дадята гаяа зага надэ суха
Ажил хэрэг, үйлс бүтээх тарни:
Ум сарва шинди суха
-Буян хийх ёстой гэдэг. Гэтэл буян хийхийг өнөө цагт холоос хүчээр эрж хайж зорьдог болсон мэт санагдах юм. Та харин тарни уншаад байх аваас маш том буян болно гэж айлтгалаа. Тиймээс угтаа буян хийх үйл нь юугаар хэмжигдэх вэ?
-Хүн бахархалтай амьдрах хэрэгтэй. Та хүний төрлийг олсондоо өдөр бүр бахархаж яв. Хүмүүний төрөл олохыг зүүний үзүүр дээр амуу будаа тогтоохтой адил гэж бурханы номд зүйрлэсэн. Их хөлгөний шашин оршин тогтнож буй Монгол орныг олж төрснөөрөө бид бүхэн бахархаж, баярлах учиртай. Энэ нь зүүний үзүүр дээр нэг будаа тогтож байсан бол ахин нэг будаа давхарлан тогтоохтой адил. Итгэлийг унших нь чухал. Тухайлбал миний хүү Дорж сайн сайхан байгаарай гэж бодвол та итгэлээ уншин бурхан гончог сүмд хүүгээ даатгаж бай. Арван цагаан буян хийж хэдэн гачлан, галав туулж, буян хураасны дээд хэлбэр нь хүн болж төрөх гэдэг. Энэ төрлийг олсон та нүгэл хийж болохгүй. Буян хишгээ арвижуул. Хүн сайхан амьдарна гэдэг энгийн мөртлөө агуу зүйл. Хүний төрлийг олж ирэх нь долоон уул шиг буян хийхтэй дүйнэ гэж бодьё. Түүнийгээ гэтэл амьдралынхаа турш ашиглаад дуусах үед буян барагддаг. Буян хийх боломжгүй болсон байдаг. Долоон уул шиг арвин буянтай төрсөн та үхэхээсээ өмнө 14 уул шиг буян хураагаасай. Өөрийн тань хэлснээр зориод буян хийх нь маш чухал. Өдөр тутам буян хийх нэгэн зүйл нь тарни унших. Дуганд ном хуруулахтай адил буяныг хүн өөрөө л хийдэг. Өөрийнхөө үйлдсэнийг өөрөө л эдэлдэг хэмээн бурхан номлосон. Хүн бие, хэл, сэтгэлээрээ буян хийдэг. Нүглийг ч бие, хэл, сэтгэлээрээ үйлдэнэ. Өөр нэг бахархах зүйл бидэнд бий. Таныг төрүүлж өсгөсөн агуу ачтан аав ээжээрээ бахарх. Ер нь харах, үнэрлэх, сонсох, амтлах, хүрэлцэхүйн таван эрхтэн тань эрүүл байвал энэ нь бидний дээдийн аз жаргал юм. Иймэрхүү уугуул аз жаргалыг тэр бүр хүмүүс ойлгохгүй юм. Гэтэл хараагүй болсныхоо дараа мэлмийтэй байсан нь ямар ч их мөнгөнөөс илүү үнэ цэнтэй аз жаргал байжээ гэдгийг ойлгодог. Тиймээс эрүүл саруул төрүүлэн өсгөсөн аав ээждээ мөргөж бай. Тэднийгээ гомдоож байсан бол цайруул. Алгын чинээ биеийг тань халуун, хүйтнээс хамгаалан цаг үргэлжид бие сэтгэлээ чилээж хайрлан энэрч ирсэн тэднийхээ ачийг умартах нь хүний төрлийг олсны гавьяа үгүй. Тэднийгээ магт. Очоод нэг тэврүүл. Хэрэв та аав, ээжийнхээ ачийг миний хэлээд буй сэтгэл шиг мэдрэх аваас ачтанууддаа зориулсан хамгийн сайхан шүлэг аялгууг та бичиж чадна. Учир нь тэр шүлэг, аялгуу сэтгэлээс тань гардаг. Бурханы номонд чин зүрх сэтгэл, ясныхаа угаас гэж хэлэх нь бий. Түүн шиг зүрх сэтгэлээсээ аав, ээжийгээ мэдрэх аваас та хэзээ ч давтагдашгүй номыг бичих юм. Хүний сэтгэлд зураг болон үлдэх тийм агуу зүйлийг гагцхүү та хийнэ. Тиймээс бахархаж амьдар.
-Нээрээ л таньтай ярилцаж суухдаа бид энгийн гэсэн бүхнээсээ ямар ихээр холдоо вэ, ойрхон байгаа бүхнээ алс холоос эрнэ вэ гэж бодлоо. Хүн бүр материаллаг зүйлд анхаарлаа хандуулж, зорилго, төлөвлөгөө нь хүртэл эд зүйлээр хэмжигдэх болсон мэт санагдах юм?
-Хүн бүр ямар нэгэн аргаар эд агуурстай болъё гэж бодож байна. Эд баялагтай болохын тулд өглөг өгч сурах хэрэгтэй. Харамгүй сэтгэлийн өглөг эргээд эд зүйл болон ирдэг юм билээ. Шуналгүй болох тусам эд агуурс аяндаа ирдэг. Би үүнийг амьдрал дээр мэдэрсэн. Хүмүүс намайг сайн, муу хоёр янзаар хэлэх байх. Би мөнгөний шуналгүй. Энэ том байгууллагыг аваад явах мөнгө аяндаа олдоод л байдаг юм. Би хүнд өчүүхэн ч гэсэн номын, эд өлгийн, аюулгүйн өглөг өгөх юмсан гэж боддог. Хармын сэтгэлгүй өглөг өгч сурах нь энэ амьдралын бас нэгэн сайн буяны үндэс. Би нэлээд олон номны хуудас эргүүлсэн хүн. Манай өрөөнд буй энэ номнууд, хажуугийн номын санд буй ном бүрийг үзэж судлахад цаг заваа зориулдаг. Харин үүний үр дүнд нь судар, тарнийн номыг л унших хэрэгтэй юм билээ гэж товчхон хэлье. Тарнийн увидас таныг хамгаална, ажил үйлс өөдөө дээшээ байна. Үр хүүхдийг тань хамгаална. Монголчууд очирваань язгуурын улс учраас тарнийг унших аваас хурдан гэгээрэлд хүрнэ. Монголчуудын сэтгэлийн үндсэнд судар тарнийн номын увидас, адис жинлав оршиж байдаг.
-Таны дээдийн шүтээн чинь юу вэ гэж асуувал хариулт нь аав, ээж минь гэж та гаргаж хэллээ. Гэхдээ өнөөдөр би шашин шүтдэг гэж хэлэх хүн олон. Мөн чанартаа шүтэх сэтгэлийнхээ учгийг тайлж мэдэхгүй байх нь олонтаа?
-Бурхан гончог сүмийг хүн болсных шүтэх нь маш чухал юм билээ. Авдрандаа алт хадгалснаас илүүтэй үнэ цэнэтэй. Өөрийгөө таньж мэд. Өөрийгөө шүт. Хүн агуу гэдгээ мэдэх аваас улам л нинж асрал, улам л дөлгөөн даруухан болж, илүү ихийг хийж бүтээе гэдэг болдог. Улам л барцад саад нь арилдаг. Энэ агуу төрлийг олсон нэгийгээ магтаж байцгаая. Тэрийг магтсанаар та доошоо орчих гээд байгаа мэт муухай сэтгэл бидэнд байдаг. Бусдыг магт. Таньд дайсан байхаа болино. Үйлс тань бүтнэ. Сэтгэлийн угт байгаа нисвансын муу сэтгэлээ ариусгах тал дээр дадлага туршлага хуримтлуулах хэрэгтэй юм билээ.
-Хэрхэн уучлах ёстой юм бол. Заримдаа уучилж өршөөнө гэдэг амаргүй санагддаг?
-Бид хэн нэгнийг муу, муухайгаар хараад байна. Эрдэнэт хүн түүнд сайн чанар бий шүү дээ гэж аль болох сайн сайхан талыг нь олж харах хэрэгтэй гэж өөртөө давтан хэл. Тэр хүн 14 удаа дахин давтуулан хэлүүлж болно. Харин 15 дахь удаагаа хэлэх үед чамайг хүндэлж эхлэх болно. Ерөөсөө ийм энгийн юм билээ. Харин тэвчээртэй байх хэрэгтэй. Харин урмын үг бие биедээ хайрлаж бай. Манай аав, ээж ядарч яваа нэгэнд бушуу түргэн хоол цай хийж өг гэдэг байсан. Өнөөдөр надад энэ нь хууль болж, ёсзүй тогтоож үлдээсэн. Байгаа зүйлээрээ хэн нэгэндээ туслая. Хүн их энгийн. Уурлаж уцаарлаж, үзэн ядаж байсан хэн нэгнийгээ зэр зэвсэггүйгээр зөвхөн уучилж түүнийг хайрлаж магтахад л эргээд танд аз жаргал, амар амгалан ирдэг. Монголчуудын эртний ёсонд хөөрөг зөрүүлэн улмаар урьдын муу явдлыг мартан, уучилж өршөөдөг байж. Би хүнд муу санаж чаддаггүй. Харин та бүхний дарга, цэргийн асуудал арай өөр байх. Тухайн хүнийг удирдаж буй хүний үг зөөлөн ч, хатуу ч байсан надад тус болох гэж байна гэж бодвол танд сайнаар нөлөөлнө. Бурхан ч гэсэн амирлангуй дүртэй нь байхад догшин ширүүн нэг нь ч байдаг.
-Бид шүтээн ганц ижий аавыгаа баярлуулах, тохойг нь өргөн дээдлэх талаар ярилцлаа. Харин ураг саднаараа цугларан, учран золгодог хаврын тэргүүн сарын энэ баяраар тэдэндээ хүндлэл дээдлэлээ эдлүүлэхээс гадна өөр олон сайхан нандин уламжлал бидэнд бий?
-Монгол түмний цагаан сар их учир жаягтай. Өнөө үед зөв тийш нь залж өвлүүлж авч явах ёстой юм шүү. Өөр улсын соёл иргэншлээр солих гэсэн хандлага ажиглагдах болж. Үндэсний гэсэн бүхнээсээ салах нь эх орон гомдох нэгэн шалтгаан болох юм. Ёс заншлаа эгнэгт хайрлан хамгаалж, баяжуулж байх нь бидний үүрэг. Цагаан сар нь монгол үндэстний баяр. Нийт монголчуудын баяр. Хүнийг буян хураалгадаг сайхан баяр. Ийм олон ач холбогдолтой. Мөн өдөр тутам, сар бүр уулзаад байж чаддаггүй ахан дүүсийнхээ царай зүсийг харж, үгийг нь сонсдог ураг садангийн баяр. Монголын зан заншлын их үйл явагддаг. Ууц тавих ёсон байна. Өнөөдөр танайх ууц тавихгүй байж болно. 25 настай залууд ууц тавих шаардлага гарахгүй байж болох ч та сураад ав. Та 45-тай болоход чинь дүү нар чинь золгох гээд ороод ирнэ. Та түүнээс цааш ингэдэг юм гээд зааж сургах үе ирнэ. Хүний жам өөрийг тань шахна. Тэр зан үйлийг сурч аваагүй бол та өөрөө ичнэ. Ихэс дээдсээс болон аав ээжээсээ сургаал сонсох, номын өглөг буулгах баяр. Таньд бэлэг өгөхгүй байсан ч болно. Харин сургамжилж хэлсэн үгийг бэлэг хэмээн бодоорой. Хамгийн том номын өглөг болно гэж хүлээгээд авчихвал болно. Үрийнхээ төлөө гэсэн нинж асрал байдаг болохоор аав ээжийн үг хатууддаггүй. Сар шинэ гарахтай зэрэгцэн та энэ жилдээ ийм л зүйлийг хийж бүтээе гэсэн бүхнээ нэг төлөвлөөрэй. Цагаан сараараа Монголчууд ураг саднаараа уулзаад баярладаг тул хүн бүр өөрийн болон аав, ээж, ахан дүүсийнхээ түүх намтрыг бичихийг хүсэн уламжилж байна. Тэр танай удмын хожмын түүх болно. Танай дараагийн үед хэрэг болно. Энэ нь цаашлаад Монгол Улсад хэрэг болно. Таны бичсэн тэдний хэлж сургасан сургаал үг, амьдралын бодит үнэн зүйл хожмоо гутарч гундуу яваа нэгэнд аврал болох болно. Нүүдэлчдийн соёлоо төдийлөн бичиж үлдээгээгүй нэгэн алдаа бий. Одоо харин та бич. Хилчид маань хил дээрээ үзэж харсан, мэдэрсэн олон сайхан мэдрэмж, түүхээ номын хуудсанд буулга. Хожмоо бид бүхэн уншина. Та бүхнээс ямар сайхан ном төрөх бол доо. Өөрийгөө битгий гол. Аав, ээж ахан дүүсийнхээ намтрыг та сайхан бичиж үлдээх энэхүү номын үйлсийг ажил болгоорой.
-Хилчдийн маань гэгээн хойморт саатаж ярилцсан танд хилчдийнхээ нэрийн өмнөөс баярлалаа хэмээн хэлье. Таны үйл сэтгэлчлэн бүтэх болтугай?
-Монголчууд эртнээс гэртээ гүсүнтүгийг залж ирсэн юм билээ. Айл бүрт бурхан, хөлгөн судар, суварга байсаар ирсэн. Одоо ч заримд нь бий. Гү гэдэг нь лагшин, сүн гэдэг бурханы зарлиг, түг гэдэг нь бурханы таалал юм. Бурхан, ном, суварга нь бурханы лагшин, зарлиг, таалал болох бөгөөд Монголчуудын айл гэр бүхэн орон, хийдийн мөн чанарыг агуулсан маш гүн утга учиртай байжээ. Гүсүнтүг заларсан газар оронд судар тарнийн ёсыг үйлдэх нь хязгааргүй их тус эрдэмтэй, маш их хүч, энерги, адис жинлав оршиж байдаг бөлгөө. Монголчууд эрт дээр үеэс гэр дотроо сүм хийдийн мөн чанарыг хадгалж адис, жинлавыг нь хүртэж ирсэн номт ёсны агуу уламжлалтай ард түмэн. Тиймээс гүсүнтүгдээ залбирч явахад хамаг үйлс бүтнэ. Оршин буй орчин нөхцөлдөө аз жаргалтай амьдраарай. Өглөө сэрээд сайхныг бод. Өглөө бүр сэрээд хамгийн эхэнд бодсон бодол санаа сайн сайхан байвал өдөржин хүчин төгөлдөр байдаг гэх юм билээ. Тиймээс ч эртлэн босч, цай сүүнийхээ дээжийг бурхандаа өргөн, байгаль дэлхийдээ дээжлээд, удаах дээжийг эр нөхөртөө өгдөг уламжлалтай. Ингээд сайхан зүйл ярилцан төлөвлөж, тарни номоо уншин залбираарай. Тарни, ном уншина гэдэг нь их буяны хөдөлмөр хийж байгаа юм.Сор болсон хүмүүн та Монголынхоо хил хязгаарыг хамгаалан цаг наргүй ажиллаж байгаад үнэхээр талархаж байна. Хилчдийн цог золбоо, хийморь лундаа улам бүр дэлгэрч, эрдэм мэдлэг аривжин, эрүүл энх, эд агуурсаар элбэг дэлбэг байн урт наслаж, удаан жарган амар амгаланг эдлэх болтугай хэмээн ерөөе.

Түүний хэлсэнчлэн хүн аливаа эрдэмд суралцах тусам илүү даруухан дөлгөөн болдог гэдэг. Үнэхээр ч тэрбээр тийм юм билээ, байна лээ хэмээн өгүүлэх нь эрдэмт хүн даруу гэдгийн бодит илрэл бизээ гэж өөрийн эрхгүй бодогдсон юм. Миний бие өнөө цагийн худал хуурмаг, өнгө мөнгөнөөс арай өөр өнгө аясыг мэдэрсээр түүний өргөөнөөс гарсан юм.



Сэтгэгдэл хаагдсан.