Хамба лам Д.Нацагдорж: Бид H1N1 вирусын халдварт өвчлөлийн үед ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж, халдвартай хүмүүсийг эмчилж эдгээж байсан туршлагатай

ЭМЯ-НЫ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ МЭРГЭЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МАНБА ДАЦАН МУЭСТ-ИЙН ХАМБА ЛАМ, МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ, МУ-ЫН ГАВЪЯАТ ЭМЧ Д.НАЦАГДОРЖ:

Бид төр засаг, ЭМЯ-тай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг Коронавируст халдвар (Covid 19)-ын үед авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөмж, уламжлалт эм, түүхий эдийн нөөцийг гаргаж, уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн хамтарч ажиллаж байна.
Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэгчээр энэ өвчин хаанаас ч хэнээр ч дамжин орж ирэх эрсдэлтэй. Тиймээс өвчилсөн хүмүүсийг хүндлэх, эмчилж байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг хүндэлж, эв түнжинтэй байж, бие, хэл, сэтгэлийн үйлийг амар амгалантай байлгах хэрэгтэй байна. Бие, хэл, сэтгэл хэдий чинээ амар амгалантай байна, төдий чинээ сайн юманд хүрдэг ертөнцийн жам бий. Тиймээс ухаант Монголчууд маань бие, хэл, сэтгэлээ ариун сайхан байлгаж, хамтарч, хичээж ажилцгаая.
Аливаа халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны чиглэлээр орж ажиллах туршлага бидэнд бий. Өмнө нь бид H1N1 вирусын халдварт өвчлөлийн үед ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж, халдвартай хүмүүсийг эмчилж эдгээж байсан туршлагатай. Тиймээс уламжлалт анагаах ухааны салбарын эмч мэргэжилтнүүд бид Коронавируст халдварын хүнд, хөнгөн аль ч үе шатны өвчлөлийн үед орж ажиллана гэдгийг өчигдөр ярьсан.
Монгол улсад уламжлалт анагаах ухаан, өрнийн анагаах ухааны хоёр том салбар байгаа нь давуу талтай бөгөөд үр дүнд хүрэх бололцоотой гэж ойлгож, хичээж ажиллаж байгаа. Тиймээс хүн болгон бие, хэл, сэтгэлийн үйлээ хямраахгүй байх хэрэгтэй. Энэ хаврын цагт бие, хэл, сэтгэл хэдий чинээ хямарна төдий чинээ бусад өвчнөөр ч өвчлөх магадлалтай. Сэтгэл санааны хувьд тайван байвал эрүүл мэндээ хамгаалахад тус нэмэртэй.
Бид хоёр анагаах ухаанаар ороод ажиллавал үр дүнд хүрнэ. Төр засгаас, ЭМЯ-наас энэ чиглэлээр зохион байгуулж ажиллаж байгаад уламжлалт анагаах ухааны салбарынхны зүгээс талархлаа илэрхийлье.

Сэтгэгдэл хаагдсан.